С.Зориг агсны гэргий Б.Булганы тухай тайлбар өгөөгүй байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-13 13:32:00

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний гэргий Б.Булган болон бусад сэжигтнийг шалгасаар байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Б.Булганыг цагдан хорьж байгаад өнгөрсөн баасан гаригт сулласан мэдээ гарч эхэллээ.

Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьсоор бараг нэг жил болж байгаа юм. Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулсан, нууц ажиллагаа ихтэй тул дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй байсаар өдий хүрсэн.  Б.Булганы биеийн байдал, хоригдож буй нөхцөл байдлын талаар ч олон янзын мэдээ мэдээлэл гарсаар байсан ч хэргийн эцсийн хариу ч бас хараахан гараагүй байгаа. Харин түүнийг  хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөхгүй гэсэн гарын үсэг зуруулж, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэнээр түр сулласан бололтой. ЦЕГ-аас Б.Булганы талаар ямар нэгэн мэдээлэл албан ёсоор өгөхгүй байна. ТЕГ-аас ч албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа. Сүүлийн үед уг хэрэгт холбогдуулан С.Бат-Үүлийг шалгаж эхэлсэн гэх өөрийнх нь тайлбараас өөр баттай мэдээлэл ч одоогоор алга байна. Бид энэ тухай албан мэдээллийг цаг тухай бүрт хүргэх болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ