ХОВД: Алтан хөхий уулыг долоодугаар сард тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол 7 дугаар
сарын 22-нд болно.
Газар лусаа аргадан, ёс
уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын үйл ажиллагааг 5 жилд нэг
удаа зохион байгуулдаг юм. Төрийн тахилгат Алтан
хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы
уралдаан, сурын харваа тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзмэрийн нэг бол Алтан хөхий уул.
Алтан хөхий уул нь Хархираа, Сийлхэмийн мужийн баруун өмнө хэсэгт, уул зүйн гарал үүслийн хувьд Монгол Алтайн мужид хамрагдана. Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан 60 мянга орчим га нутгийг эзлэн орших үзэсгэлэнт байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Энэ нуруунд 5 зүйл хэвлээр явагч, 127 зүйл шувуу, 42 зүйл хөхтөн амьтад бүртгэгдсэн.