ОРХОН: Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд 600 гаруй уран бүтээлч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-05 10:31:43
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг Орхон аймаг долоодугаар сарын 10,11-нд тэмдэглэнэ. Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ЗДТГ-ын дарга Ш.Ганболд ажиллаж байна.


Наадмаар хүчит 128 бөх барилдах бол хурдан морьдын уралдаан энэ сарын 10-нд азарга, соёолон, хязаалан, шүдлэн нас, 11-нд  их нас, дааганы уралдаанаар үргэлжилнэ. Хурдан морьдын комиссоос наймаас дээш насны унаач хүүхдүүд нэг жилийн амь даатгалд хамрагдсан байх, хамгаалалтын иж бүрэн хувцас, хэрэглэлтэй байхыг анхааруулж байна.


Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд Эрдэнэт хотын 600 гаруй уран бүтээлч, төрийн албан хаагч оролцоно. Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, үйлчилгээг Хот тохижуулах газар хариуцан ажиллана. Био жорлонг хангалттай хэмжээнд байрлуулж цэвэрлэгээ, үйлчилгээг 200 ажилтан хариуцаж ажиллах гэнэ.


Наадам долоодугаар сарын 11-нд төв цэнгэлдэх хүрээлэнд “Никитон”, “Салхи” хамтлаг болон Эрдэнэт хотын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор өндөрлөнө.

 

Холбоотой мэдээ