“Дижитал эдийн засаг” номд цахим технологийн мөн чанар, чиг хандлага, сөрөг үр дагаврыг хүртэл тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгалын угтвар нөхцөл нь өнөөдөр дижитал эдийн засгийн шилжилт болсон. Тэр дундаа цахим технологи, хиймэл оюун ухаан дээр суурилан тулгуурлаж байна.
Энэ хооронд буюу XXI зууны
эхний 10 дахь жилээс эхлэн хүн төрөлхтний оршин тогтнолт, цаг хугацааны хэмжүүр
эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаан, 5G сүлжээнд суурилсан юмсын интернэт, их өгөгдөл, ухаалаг хэрэглээ,
нийгмийн сүлжээ зэрэг хэллэг, ойлголт, нэр томъёонууд гарч ирж хэрэглээнд нэвтэрч
эхэлсэн.
Эдгээрийн мөн чанар, цар
хүрээ, ач холбогдол, чиг хандлага, сөрөг үр дагавар бүхий нөлөөллийг ШУА-иас
гаргасан “Дижитал эдийн засаг” номд тусгажээ. Энэ талаар дээрх номын нээлт дээр
ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар мэдээлж, Монгол Улсын болон
Монголын шинжлэх ухааны хөгжлийн эрхэм чухал асуудлыг судлан боловсруулсан, ач
холбогдол өндөр нэгэн бүтээл уншигчдын гарт очиж байгааг дуулгалаа.
Номын нээлтэд Монгол Улсын
төрийн тэргүүн зэргийн шагналт “Чингис хаан” одонт, академич Д.Доржготов, Ардын
багш Д.Дорж нарын эрдэмтэн судлаачид, ЭЗХЯ, ЦХХХЯ-ны удирдлага, төлөөлөл
оролцлоо.
Академич Б.Авид, доктор,
профессор А.Даваасүрэн, Ц.Баатар нарын эрдэмтэн судлаачдын бүтээсэн “Дижитал
эдийн засаг” номыг ШУА-ийн санхүүжилтээр 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Дижитал
буюу тоон эдийн засгийн шилжилт ба Аж үйлдвэрийн хувьсгал” грант төслийн үр дүнд
хамтран гаргажээ.