“Намрын Баяр 2016” үзэсгэлэн худалдаагаар 125.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-14 11:14:40

Уламжлал болгон зохион байгуулагддаг “Хэнтийн Намрын баяр 2016” нэгдсэн арга хэмжээнд 17 сумын 311 иргэн, ААН 36 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 125.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Дотоодын хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоог худалдаалах, гойд ашиг шимт малыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бизнес эрхлэгчид, эрүүл мэндийн салбарын эмч нар, урлагийнхан ирж оролцсон нь энэхүү наадмын цар хүрээ улам өргөжиж байгааг харуулсан явдал боллоо.

Мөн энэ жилийн шилдэгүүдээ шалгаруулахдаа Шилмэл мал, эрүүл хүнс, шинэ ургац, нэг суурин-нэг бүтээгдэхүүн гэсэн үндсэн 4 чиглэлээр зохион байгуулахад Өмнөдэлгэр сум хамгийн шилдэг сумаар шалгарлаа.

Мөн “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдаанд нийт 8 сумын 48 малчны 4 төрлийн 114 толгой мал оролцсоноос Махны чиглэлийн үхрээр Дэлгэрхаан сумын Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн “Сэлэнгэ” үүлдрийн 5 настай 564 кг жинтэй улаан алаг бух, Өмнөдэлгэр сумын Хурх багийн “Инсада инстерн” ХХК-ийн “Монтбейльярд” үүлдрийн 2 настай -572 кг жинтэй алаг бух шалгарчээ. Харин Сүүний чиглэлийн үхрээр Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Л.Хүүхэнхүүгийн “Нутгийн Монгол” үүлдрийн 5 настай -604 кг жинтэй хүрэн халзан бух,  Хэрлэн сумын Өлзийт багийн малчин А.Тогтохбилэгийн “Алатау” үүлдрийн 4 настай -463 кг жинтэй буган халиун бух шалгарсан байна.

Мах ноосны чиглэлийн хониор Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн малчин Г.Нарангэрэлийн “Нутгийн Монгол” үүлдрийн 5 настай -90,4 кг жинтэй хар хүзүүтэй хуц шалгарсан бөгөөд Ноолуурын чиглэлийн ямаагаар Галшар сумын Сангийн далай багийн малчин Ж.Доржготовын “Нутгийн Монгол” үүлдрийн 5 настай-80,5 кг жинтэй улаан ухна шалгарав.

Мөн “Эрүүл хүнс-2016” үзэсгэлэн худалдааны шилдгүүдээр Батширээт сумын Ц.Ганбаатарын Зөгийн бал, Батноров сумын С.Уянгын Цай, Жаргалтхаан сумын Б.Пүрэвжавын Гурилан бүтээгдэхүүн, Баянхутаг сумын Б.Эрдэнэчимэгийн Бяслаг,  Хэрлэн сумын “Ундрах” бүл Тараг, Дархан сумын Н.Мөнх-Оргилын Айраг, Дадал П.Байгалмаа Шилдгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр тус тус шалгарчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ