Бразилд цахилгаан хөдөлгүүртэй нисдэг таксины үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-21 16:35:35

БРАЗИЛИА. /ВВС/. Бразилын нисэх онгоц үйлдвэрлэгч “Embraer” компани Сан-Пауло хотын ойролцоо цахилгаан хөдөлгүүртэй нисдэг таксины үйлдвэр барихаар төлөвлөж байгаа мэдээлжээ.


Тус компанийн охин компани болох Eve”-ийн үйлдвэрлэх нисдэг такси нь зургаа хүртэлх хүний багтаамжтай байх бөгөөд нэг хүний үйлчилгээний төлбөр 50-100 ам.доллар байх аж.


Eve” компани  3000 орчим агаарын таксины захиалга аваад байна гэж мэдээлжээ.


Тус компани нисдэг таксиныхаа анхны загварыг энэ жилдээ багтаан угсарна гэж найдаж байна. АНУ-ын эрх бүхий байгууллага 2025 онд АНУ-д хамгийн анхны нислэг үйлдэх агаарын таксины цагийн хуваарийг саяхан нийтэлжээ.


Цахилгаан хөдөлгүүртэй уг нисдэг такси нь босоо чиглэлд хөөрч, буудаг тул хөөрч, буух зурвас шаардлагагүй мөртөө нисэх онгоц шиг хол зайд явах боломжтой юм. Цахилгаан мотор нь ердийн онгоцыг бодвол дуу чимээ, бохирдол багатай ажээ.


Энэхүү агаарын такси нь хөл хөдөлгөөн ихтэй том хотын замын түгжрэлийг бууруулахаас гадна үйлчлүүлэгчдэд хэтэрхий үнэтэй тусахгүй гэж үзэж байна. Түүнчлэн, ачаа тээврийн шинэ хувилбар байх боломжтой.


Уг үйлдвэрийг Бразилын Сан-Пауло хотоос 140 км-ийн зайд орших Таубате хотод барина.


Эхний нислэгүүд нь нисгэгчтэй байх агаад дараа нь автомат жолоодлого нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ тээврийн хэрэгсэл нь 100 хувь цахилгаанаар ажилладаг тул утаагүй нислэг үйлдэх боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд онцолжээ. 

Холбоотой мэдээ