СҮХБААТАР: Алтан дарь овооны сан, тахилгын судрыг анх 1999 онд хэвлүүлж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-07-24 16:44:45

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Эрдэмтэн О.Сүхбаатар Алтан овооны сангийн судрыг төвөд бичгээс монгол хэлнээ буулгаж, Алтан овооны тахилгын судар оршвой гэсэн товхимлыг 1999 онд хэвлүүлсэн төдийгүй 2001 онд Монголын тахилгат уул усны судар оршвой хэмээх бүтээлийн дотор Дарьгангын Алтан овоо түүний сангийн судрын тухай монгол хэлээр дэлгэрэнгүй тайлбартайгаар оруулсан байна.


Мөнхүү энэ судрыг Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв монгол хэлнээ хөрвүүлэн “Монгол Улсын төрийн их тахилгат Алтан овооны тахилгын судар оршвой” хэмээн 2012 онд баринтаглан хэвлүүлжээ. Энэхүү тахилгын судрыг Төвөдийн их Ванчин эрдэнэ ламын долоодугаар дүр Ловсан балдан данбий нима чоглой намжал бал санбо буюу хураангуй нэр нь Данбий нима гэгээнтнээр зохиолгосон нь тодорхой байгаа бөгөөд Орлой мэргэн хутагтын хоёрдугаар дүр хувилгаан Ловсан жигмэд дорж өөрөө айлтгалыг өргөсөн байна. Их Ванчин эрдэнэ ламтны аврал таалалд багтаж хэрэг үйлсээ даатгаж чадсан өвөг дээдэс маань хувь ерөөл ихтэй байсных биз ээ.


Дарьгангын шашин номын үйлсийг Манжийн төрөөс үе үеийн Орлой хутагт нарт захиран даатгасан байна. Мөн Орлой мэргэн хутагтын гуравдугаар дүр хувилгаан Довдон бал 1883 онд Дарьгангын нутаг Орлой гурван зээрд хэмээх газар сүм барьж, Манжийн эзэн хаанаас Өглөгийг бадруулсан сүм нэрээр шагнуулж байжээ. Дөрөвдүгээр Орлой мэргэн хутагт Ринчин бадам 1888 онд Сэцэн хан аймгийн Боржгин сэцэн вангийн хошууны Тавнангууд буюу одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Гурван цагаан булаг хэмээх газар мэндэлжээ. Түүнийг бага насанд нь Орлой мэргэн хутагтын хойд дүрээр тодруулан Өглөгийг бадруулагч сүмд залжээ. Олны яриа хуучаас сонсоход энэ дүр нь бага насандаа нэгэн чулуу бариад Оюу эрдэнэ гэж чамайг хэн мэдэх вэ? Орлой мэргэн хутагт гэж намайг хэн таних вэ? хэмээснээр хүмүүс мэдэж дүрд нь залсан гэдэг хэмээн бичжээ.


1913 оноос Дарьганга хошуу Монгол Улсад нэгдэн орсны дараа ч наймдугаар Богд Живзун дамба хутагтын зарлигаар тус хошууны шашин номын хэргийг Орлой мэргэн хутагтад даалгаж байжээ. Орлой мэргэн хутагтын шавийн нутаг Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэр сум байв гэсэн тайлбар ч байдаг аж.

 

 

Холбоотой мэдээ