Хэт халалтын гол шалтгаан-хүний буруутай үйл ажиллагаа
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн хэдхэн жилийн дотор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас
байгалийн гамшигт үзэгдлүүд ойр ойрхон тохиох боллоо.
Ялангуяа энэ онд онцгой халуун зун болж байгааг цаг уурчид
онцолж байна. Тэр тусмаа 6 дугаар сард цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн
халуун өдрүүд үргэлжилсэн бол 7 дугаар сард Европ, Америк, Ази тивүүдэд онцгой
ихээр халж, их хэмжээний түймэр дэгдэж байгаагийн сацуу зарим нутагт аадар бороо орсоор байна.
Хэдхэн хоногийн өмнө Хятадын Санбао хотод агаарын хэм +52,2°С-д хүрч халсан бол Италийн зарим нутагт +48°C хэмд хүрч магадгүйг цаг уурчид анхааруулсаар. АНУ-ын хүн амын 27 хувь буюу 90 сая орчим хүн ойрын өдрүүдэд хэт халж болзошгүй нутаг оронд оршин сууж байна. Байгалийн ийм гамшигт үзэгдлүүд 8 дугаар сард ч үргэлжилнэ гэдгийг Дэлхийн Цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ анхааруулжээ.
Антропоген хүчин зүйлс
Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг дэлхийн бараг бүх
улс орон хүлээн зөвшөөрөөд байгаа нь үнэн. Иймээс улс орнууд аж үйлдвэржилтийн
өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дулаарлын түвшнийг 1,5°С хэмээс
хэтрүүлэхгүйгээр хязгаарлан барихын тулд агаар мандалд цацагдаж буй хорт
бодисуудын хэмжээг бууруулахаар тохиролцсон билээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн агаарын хэмийн өөрчлөлт
төдийгүй цаг уурын загварчлал алдагдсантай шууд холбоотой бөгөөд үүний улмаас
хэт халалт, үер, ойн түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрчим
нэмэгдэж байна. Тухайлбал, 6 дугаар сард дэгдсэн Эль-Нино гэдэг гамшиг үзэгдэл эдгээр
гамшгийн давтамж, эрчмийг улам нэмэгдүүлсэн.
Эль-Нино гэдэг нь Номхон далайн хойд хэсгийн ус ердийнхөөс
илүү бүлээссэний улмаас үүсдэг байгалийн гамшигт үзэгдэл бөгөөд уг үзэгдэл уур
амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулааралтай хавсарснаар дэлхийн бөмбөрцгийн янз
бүрийн хэсэгт хэт халалт үүсгэж байна. Гэхдээ
хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй /антропоген/ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий
даяар хэт халалт үүсэж буйн гол шалтгаан мөн гэдгийг эрдэмтэд сануулжээ.
World Weather Attribution эрдэмтдийн бүлгийн ивээл дор хэд хэдэн их сургуулиас явуулсан судалгаанаас дүгнэлт хийхэд, хэрвээ хүн төрөлхтөн агаар мандлыг хүлэмжийн хийгээр бохирдуулаагүйсэн бол дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт хэзээ ч одооных шиг халахгүй, эсвэл хэт халалт маш цөөн удаа тохиох байсан, зарим бүс нутагт ийм үзэгдэл огт болохгүй байх байжээ. Хүний нөлөө байгаагүйсэн бол Хятадад болж буй гамшигт үзэгдлүүд 250 жилд ганц удаа тохиох байсан, мөн 7 дугаар сарын их халалт АНУ, Европын нутгийг хамрах магадлал бараг үгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Тэдний хийсэн компьютерийн загварчлалаар бол, яг энэ цаг үед
тохиож буй байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдийн 75 хувь нь дэлхийн
дулааралтай шууд холбоотой гэдэг нь тодорхой болжээ. Хэрвээ цаг агаар аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2°C хэмээр дулаарах аваас 7 дугаар сард болсонтой адил их халалт дэлхий дээр 2-5 жил тутамд тохионо гэдгийг эрдэмтдийн судалгаанд дурджээ.
“Хэрвээ хүмүүс малтмал түлш шатаахаа зогсоохгүй бол өдгөө биднийг
нэрвэж буй байгалийн гамшгууд ердийн үзэгдэл болж хувирна. Малтмал түлш шатааж,
хүлэмжийн хийг агаар мандалд цацсаар байвал цаг агаар энэ оныхоос илүү их
халахыг бид үзэх болно” гэж Лондоны Эзэн хааны коллежийн судлаач Фридерике Отто
ярьж байна.
ДЦУБ-ын шинжээч Альваро Сильвагийн ярьснаар, богино хугацаанд уур амьсгал дулаарч байгаа болон цаг уурын үндсэн загварчлалуудад гарч буй өөрчлөлт нь хоорондоо харилцан хамааралтай болохыг олон удаагийн судалгааны дүнгүүд харуулж байна. Жишээ нь, Арктикт гэхэд дулаарах үйл явц дэлхийн дунджаас 4 дахин хурдтай явагдаж байгаа бөгөөд дулаарлын улмаас тус бүс нутагт хүчтэй салхины хурд саарч байна. Агаарын урсгалын эрч саарч, илүү долгионлог болсноор бүлээн агаар умард зүгийг, хүйтэн агаар өмнөд зүгийг чиглэнэ. Ийм нөхцөлд цаг агаарын тогтонги хөдөлгөөнгүй төлөв үүссэнээр зарим бүс нутгуудад хэт халж, ган болдог бол бусад хэсэгт их хэмжээний хур тунадас орж, үер болно.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын шинжээчдийн
бүлгийн /IPCC/ тайланд дурдсанаар, 1950-иад оноос цаг агаарын гамшигт
үзэгдлүүдийн давтамж, эрчим нэмэгдэж буй
нь ажиглагдсан бөгөөд
сүүлийн 20 жилийн хугацаанд эдгээр үзэгдлийн хөнөөл ихээхэн нэмэгдсэн
болохыг Европ тивд
хийсэн хэт халалтын судалгаа харуулж байна.
Хүлэмжийн хийн аюулын талаар дэлхийн дахинд хамгийн түрүүнд
бүр 1980 онд анхааруулж байсан Америкийн эрдэмтэн Жэймс Хансен хэлэхдээ “хүн
төрөлхтөнийг уур амьсгалын шинэ бүтэц хэлбэр хүлээж байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэрбээр 1988, 1989 онуудад Конгресст танилцуулга хийх үеэрээ
“чийглэг газрууд бүр илүү усархаг болж, харин хуурай газрууд улам хуурайшина” гэдгийг анхааруулж байжээ.
Ж.Хансен болон түүнтэй хамтран ажилладаг эрдэмтдийн үзэж
байгаагаар, манай дэлхий дээр сүүлийн 1 сая жилд тохиогоогүй хэт халалт яг одоо
болж байгаа бөгөөд 2023 оны 6 дугаар сар бол цаг уурын ажиглалт явуулж ирсэн түүхэн дэх хамгийн халуун сар
гэж тэмдэглэгджээ.
ДЭМБ-ын сэрэмжлүүлэг
Хэт халалт үхэл тарьж байна. Зөвхөн Европт гэхэд, өнгөрсөн
онд уг аюулт үзэгдлийн улмаас 60 гаруй мянган хүн нас барсан бөгөөд үүнийг илт
дарж мэдээлсэн тоо гэдгийг эрдэмтэд хэлж байна. Учир нь, эл тохиолдолд нас
барагсдын тоог гаргах нь техникийн хувьд хүндрэлтэй төдийгүй улс төрийн талаасаа зохимжгүй юм.
Хэт халалттай холбоотойгоор Дэлхийн Эрүүл мэндийн
байгууллагаас /ДЭМБ/ бүх улс орны засгийн газруудад хандан уриалга гаргаж,
дэлхийн бөмбөрцгийн хойд
хагасыг хамарч буй аагим халууны улмаас биеийн байдал нь хүндэрч
магадгүй нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст анхаарал хандуулахыг зөвлөжээ.
Ялангуяа зүрх судас, амьсгалын замын болон чихрийн шижин
өвчтэй хүмүүс, мөн жирэмсэн
эмэгтэйчүүд, хүүхдүүд, орон гэргүй хүмүүс Европ, Ази, АНУ-ын зарим хэсгийг
хамарч буй хэт халалтанд хамгийн хүндээр өртөж, тэдний суурь өвчин сэдэрч болзошгүй гэдгийг ДЭМБ анхаарууллаа.