ӨВӨРХАНГАЙ: "Сарлагийн баяр"-ыг гадаадын найман орны 200 гаруй жуулчин үзэж сонирхлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-27 15:22:17

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт жил бүр таван төрлийн эвент зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг нь “Сарлагийн баяр” юм.


Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой “Сарлагийн баяр” бэсрэг наадмыг энэ жил Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгууллаа.


Бат-Өлзий сумын газар нутгийн 80 хувь нь Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг агаад хад асга, хөвч ой мод, ширүүн урсгалт гол бүхий уулархаг, эрс тэс уур амьсгалтай, сарлаг үхрийн биологийн онцлогт тохирсон нутаг юм. Тиймээс Өвөрхангай аймагт бүртгэлтэй 130 мянга гаруй сарлагийн тал хувь нь тус суманд идээшин өсөж үржиж байна.


Сарлагийн баяраар сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох, уралдуулах болон сайхан сарлагтай хосыг шалгаруулж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Мөн сарлагийг уналга, ачилгад ашиглах монгол уламжлал, арга барилыг жуулчдад сонирхуулдаг. Аялал жуулчлалыг татах энэхүү арга хэмжээг дотоод, гадаадын аялагчид үзэж сонирхох дуртай. Энэ жилийн баярыг дотоодын жуулчдаас гадна Герман, Франц, Австрали, Голланд,  Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг найман орны жуулчид зорин ирж үзжээ.


Омголон, түрэмгий, үргэмтгий, догшин зан чанартай энэ сүрлэг амьтныг номхотгож, уналга, ачилгандаа сургахын зэрэгцээ сүү, ашиг шимийг нь хүртэж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа нь гадныханд бахархалтай санагддаг гэнэ.


Энэ үеэр таван хоршоо, аж ахуйн нэгжээс сарлагийн хөөврөөр хийсэн хувцас, сарлагийн сүүн ааруул, ээзгий, чихэр, монгол архи, суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Мөн нутгийн иргэд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээгээр үйл ажиллагааг өргөтгөсөн юм.


Цаашид монгол сарлагийн тоо, толгой, ашиг шим нь өсөн нэмэгдэж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүн Монголыг дэлхийд сурталчлах нэрийн хуудас, брэнд бүтээгдэхүүн болно гэдэгт сарлаг үржүүлэгчид итгэлтэй байдаг.

Сарлагийн хөөвөр шинж чанарын хувьд ямааны ноолууртай төстэй. Лабораторийн шинжилгээгээр бага насны сарлагийн хөөвөр 18-20 микронтой болох нь тогтоогдсон. Гэтэл ямааны хоёрдугаар зэргийн ноолуур 16-19 микрон үзүүлэлттэй байдаг аж.


Иймд сарлагийн хөөврөөр дээд зэрэглэлийн хувцас үйлдвэрлэж, Олон улсын зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Сарлагийн хөөврийн утсаар хийсэн хувцас дулаан хадгалах чадвараар ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү, агаарын солилцоо сайтай гэж ойлгож болох юм. 


Түүнчлэн сарлагийн сүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй аминдэмийн үзүүлэлт нь үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг учраас хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Мөн сарлагийн тослог ихтэй, өтгөн сүүгээр хийсэн цагаан идээ нь амт сайтай, чанартай болдог.

“Сарлагийн баяр-2023” наадам нь Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн харьяат, Улсын хошой аварга малчин Л.Даваадашийн нэрэмжит гэдгээрээ онцлог байв. Тэднийх 700 гаруй сарлагтай. Энэ зун ус, үер ихтэй байгаагаас шалтгаалан сарлаг уулнаасаа буухгүй, үүний улмаас наадамд цөөвтөр сарлагтай ирснээ тэрбээр тайлбарласан юм.


Монгол сарлаг, түүний ашиг шим, бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчилж, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн өрхийн орлогыг өсгөхөд “Сарлагийн баяр” ихээхэн дэм болдог. Түүнчлэн тоо толгой нь цөөрч буй сарлагийн үнэлэмжийг нэмэгдүүлж, өсгөн үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах зорилгыг ч цаанаа агуулна.


“Үүний үр дүнд хангайн эзэн сарлаг үхрийн тоо толгой өсч, “Сарлагийн баяр”-аар ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жилийн баярт нийт 500-аад хүн оролцсоны тал хувь нь гадаадын жуулчид байна. Тэр хэрээр нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл олширдог” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Мөнхсүрэн хэллээ. 


Ирэх жилийн “Сарлагийн баяр” товлосон газраа тогтсон өдөртөө болно.

Холбоотой мэдээ