Ч.Батболд: Зочид төлөөлөгчид, наадамчин олноо хүлээж авах бэлтгэл 90 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-07-27 16:08:38

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга 110 жилийн ойн баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд Дарьганга суманд ойн бэлтгэл ажил ид өрнөж буй. Баяр наадмын бэлтгэл, үйл явц газар дээрээ хэрхэн өрнөж буй талаар тус сумын ЗДТГ-ын дарга Ч.Батболдоос тодрууллаа.


-Алтан овооны тахилгын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Алтан овооны тахилгын бэлтгэл ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тахилгад зориулсан бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэж буй тендерт шалгарсан компаниуд болон орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид, баяр наадмыг зохион байгуулах комисс бүгд маш сайн уялдаатай, гар нийлэн ажиллаж, зочдоо хүлээж авах бэлтгэлээ хангасаар байна.


-Ойн хүрээнд хийгдсэн ажлуудаас дурдвал?

-Ойг угтаж аймгийн хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгөөр наадмын талбай шинээр баригдаж байна. Талбайн тохижилтын ажил, гэрэлтүүлэгт 90 орчим сая төгрөг төсөвлөгдсөн. Яг одоогоор  зочид хүлээн авах гэрүүдийг барих, сумын ААНБ, айл өрхүүд хашаа хороогоо будаж засварлах, гадна өнгө үзэмжээ сайжруулах, газар тэгшлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн төсвийн байгууллагууд хамтран Алтан овооны өмнөх талбайг тохижуулах, сэргээн засварах ажлыг хийж байна.

 

-Энэ жилийн тахилга наадмаар 30 орчим хүн цуглана гэж тооцоолсон байсан. Байр, буудлын хүрэлцээ муу байдаг. Үүн дээр хэрхэн анхаарч байна?

-Хүндэт зочид төлөөлөгчид, хандивлагч нарыг хүлээж авах 100 гэрийг тусгайлан бэлдсэн. Үүнээс гадна сумд, ААНБ-ууд гэр барина. Нэмэлтээр орон нутаг дахь жуулчны баазууд, буудлууд, хувь хүмүүс гэр болон байр түрээслүүлэх тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Суманд үйл ажиллагаа явуулдаг буудал, гэр буудлууд урьдчилсан байдлаар захиалгаа аваад дууссан гэх мэдээлэл байна.


-Хамгийн их тулгамддаг асуудал бол ариун цэврийн байгуулж байдаг. Гэхдээ энэ удаад маш зөв сонголтыг хийсэн байсан?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар долоон ширхэг эко ариун цэврийн байгууламжийг хийлгэсэн. Эдгээрийг Зэгст нуурын хойд хэсгээр байрлуулахаар төлөвлөж байгаа. Мөн аймгаас тендер зарлаж 25 хос буюу 50 ширхэг эко 00-ыг үйлчилгээтэй нь хамт худалдан авсан. Эдгээрийг олон хүн төвлөрөх цэгүүдэд байрлуулна. Үйлчилгээтэй нь цуг гэдэг нь бохирыг соруулах үйлчилгээ гэсэн үг л дээ. Хуримтлагдсан бохирыг булшлах кординатыг тогтоосон. Энэ хүрээнд сум өөрсдөө бохир соруулах шинэ машинтай болсон. Ингэснээр цаашид яг энэ зарчмаар ажиллах боломжтой гэсэн үг.


-Дараагийн нэг асуудал бол үүрэн телефоны сүлжээний асуудал. Олон хүн төвлөрснөөс болж утасны сүлжээ унах, харилцаа холбоо тасрах цаашлаад баярын шууд дамжуулалтад эрсдэл үүсдэг шүү дээ?

-Тийм ээ, энэ бол бас л томоохон асуудлуудын нэг. Мэдээж үүнийг бүрэн төгс шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ аймгийн удирдлагууд үүн дээр анхаарч, үүрэн телефоны компанийн удирдлагуудтай уулзаж, сүлжээ унахгүй байх, ачааллаа даваад гарах бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болгосон байсан. Одоогоор үүрэн телефоны хоёр компани Дарьганга суманд шинээр хоёр цэгт сүлжээний төхөөрөмж нэмж байрлуулахаар ажиллаж байгаа.


-Тахилга бол жуулчдыг татах томоохон үйл ажиллагаа байдаг. Үүнтэй холбоотойгоор орон нутгаа сурталчилсан үйлдвэрлэл үйлчилгээг хэрхэн үзүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Тэгэлгүй яахав. Алтан овооны тахилгын 110 жилийн ойд зориулсан лого батлагдсан. Энэхүү логог ашиглах зөвшөөрлийг орон нутгийн үйлдвэрлэгчдэд өгсөн. Үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүнийг хийж, албан ёсны логотойгоор худалдаална. ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бүгдэд нээлттэй. Гол нь стандартын шаардлага хангасан, наад зах нь өнгө үзэмж сайтай сав, баглаа боодолтой байх нь чухал. Энэ удаагийн тахилгын нэг онцлог нь тусгайлсан хандивлагчдын уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт байхгүй.


-Тахилга, наадмаар онцлох сонин содон ямар үйл явдал болох вэ?

-Хэдийгээр төрийн тахилгат Алтан овооны ой хэдий ч баяр наадмаа бид Дарьганга өв уламжлалаа сурталчлан таниулсан өв соёлын наадам хэлбэрээр хийхийг эрмэлзэж байгаа.  Баяр наадмыг зохион байгуулах хороо, сум орон нутгийн зүгээс ч үүн дээр онцгой анхаарч байна. Тийм ч учраас нутгийн урчуудын бүтээлийн үзэсгэлэн, соёлын өвийн үзэсгэлэн, урлагийн тоглолтуудыг хоёр өдрийн турш тасралтгүй үзүүлэхээр хөтөлбөрт тусгасан. Сум бүр соёлын өвийн үзэсгэлэнгээ гаргана. Дарьгангачууд хэлхээ тоонотой гэр, шавар зуур, мөнгөн урлал, хүн чулуугаараа алдартай. Энэ бүх гайхамшгаа харуулах болно.


-Эцэст нь та наадамчин олондоо, зочиддоо хандаж юуг анхааруулж бас уриалмаар байна?

ул овоогоо зөв тахин шүтэж, байгаль дэлхийдээ ээлтэй байж хог хаяхгүй, олон салаа зам гаргахгүй байх нь чухал. Иргэд маань баяр наадмаа зохион байгуулж буй албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж соёлтой сайхан наадаарай гэж уриалмаар байна. Дээрээс нь зам тээврийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулмаар байна.

 

- Ярилцсанд баярлалаа?

- Та бүхэн сайхан наадаарай.

Холбоотой мэдээ