"Хаадын сан"-г санаачлагч хаана ч дурсагдах гавьяатан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-09-14 17:25:14

ЗУЛ ҮГ

Монголынхоо төлөө молцог зүрх нь бадран дүрэлзсээр нэгэн ах минь тэнгэрт хальсан мэдээг намрын бөхөлзсөн өвсний толгойг имрэх салхинаас сонслоо...Халаглам...? 

Саяхан даа...Уулын оройд будан татчихжээ

                    Уйлсан юм шиг уулс нугдайчихжээ

                     Удахгүй цас орноо

                    Уулс шал норноо...

                 Өвсний толгой бөхийчихжээ

                 Өндийж чадахгүй навсайчихжээ

                 Өнөө маргаашгүй цас орноо

                  Өнгөө алдан шал норноо...гэсэн шүлэг бичсэнээ ч санаж байна. Гэхдээ халуухан сэтгэлтэй, уран бүтээлч сэтгэл нь үргэлж асч явдаг Нямжавын Дугарсуран ахыгаа уулс шиг нугдайж  , өвс шиг бөхийнэ гэж санасангүй. Одоо түүний нэр бүхий гантиг дээр              "Нямжавын Дугарсүрэн 1936-2016" гэсэн үсэг, тоо л үлдэв. Гэвч энэ хүний хийж бүтээснийг Монголын үе үеийнхэн мартахгүй нь л туйлын үнэн буюу. 

“Хаадын Сан”-г үүсгэн байгуулагч, эдийн засагч, түүх судлаач, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Н.Дугарсүрэн 2016 оны 9 дүгээр сарын 12-нд таалал төгслөө...гэсэн мэдээг хүлээн аваад яаж зүгээр суух билээ.

 1936 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд төрсөн тэрбээр нутагтаа бага дунд сургууль төгсөөд улмаар 1964 онд Москва хотноо Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг дүүргэсэн юм. Аж Үйлдвэрийн комбинатад эдийн засагч, Эсгий, Эсгий Гутлын үйлдвэрийн орлогч дарга хийж явахаасаа л уран бүтээлч, зохиолч, сэтгүүлчдийн дунд гэрэл зураг, нийтэл, өгүүллээ бичээд андлан нөхөрлөж явсан юм. Үйлдвэрүүдийн хаалгыг барьж, үйлдвэрлэгчдийг гудамжинд гаргахад тэр харин ч уран бүтээлийн зам руу эрчтэй орсон санагддаг.  “Эдийн Засгийн Асуудал” сэтгүүлийн редактор зэрэг ажил хийж байгаад хожим нь Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын орлогч дарга, Богд Хааны Ордон Музей, Чойжин Ламын Сүм Музейн захирлын албыг хашиж байв.  Монгол Улс ардчилалд хөл тавьж, оюун санааны эрх чөлөөг тунхагласан он жилүүдэд Н.Дугарсүрэн монгол хаадын намтар цадиг, үзэл санааг олон түмэндээ сурвалжлан таниулах эрхэм зорилго бүхий “Хаадын Сан”-гийн үндэс суурийг тавьсан манай тэргүүний эх оронч сэхээтнүүдийн нэгэн билээ. “Монголын 100 хаан, найман Богд” төслийг эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн хамт эхлүүлж, өөрөө бие даан “Хубилай хаан”, “Мөнх хаан” номууд бичсэн нь оны шилдэг бүтээлээр шалгарч байлаа. Түүнчлэн дэлхийн тавцнаа олон жил зүтгэн байж, Богд Хааны Өвлийн Ордонг “Мөхлийн ирмэгт тулсан дэлхийн түүх соёлын 100 дурсгал”-ын нэгэнд оруулж, түүнийг засварлуулж чадсан билээ. Эх түүх, их хаадынхаа үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ёс уламжлалаа мэдүүлэх үйлсийг оройлогчдын нэгэн байсан. Үүнийг нь ч Монгол Улсын төр үнэлж түүнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгосон билээ.  "Засгийн газрын мэдээ" сонин болон МОНЦАМЭ агентлагийн "МОНЦАМЭ мэдээ" сонинд ажиллаж байхдаа бивээр энэ хүнтэй хамтран хаадын сан, ном, сонирхолтой түүхэн цуврал булан зэргийг хамтран бичиж, монгол түмнийхээ оюуны санд  өнө мөнх хадгалагдах бүтээл үлдээсэндээ бахархдаг. Мөн түүний хүү зохиолч, яруу найрагч, орчуулагч Д.Гүн-Үйлстэй олон жил хамтран уран бүтээлийн эрэл, олзын төлөө дөрөө нийлэн, ганзага тааруулан явсаар байгаадаа ч бахдам. 

Хаана ч явсан хаадын шинэ түүх, баримт, зураг сэлтийг олчихсон, удам судраа улам л баяжуулан арвидуулж явдаг хүн бол Нямжавын Дугарсүрэн байсаан. Түүний бие чилээрхүү болсон ч хүү нь аавынхаа санг залган авч өв соёлыг дэлхий дахинд илүү хүртээмжтэй түгээсээр явна. Д.Гүн-Үйлсийн энэ сан өдгөө дэлхий номын арвин санд түүчээлж, мөнхийн суварга болсон эрдэнэсийн цогцолборыг уран бүтээлч, түүхч, эрдэмтэн, зураач, орчуулагч, судлаач, сэтгүүлч, оюутан, сурагч..ер хүн бүхэнтэй гар сэтгэл нийлэн өргөжүүлэн тэлсээр явна. Тэр дунд "Нямжавын Дугарсүрэн " гэсэн нэр тодхоноо гэрэлтэнэ. 

Дэлхийд Монгол хаадын үлдээсэн мөр тодхон байгаа шиг өнөөдөр ч, маргааш ч, өнө мөнхөд "Хаадын сан" хэмээх оюуны их ай сав дунд эгэлгүй авьяас билэгт Таны нэр, сүр үргэлж дурсагдах болно!

...Моддын хормой буучихжээ

Моонийсон юм шиг атийчихжээ

Мөдхөн цас орноо

Мөчрүүд нь шал норноо...

Монгол хаадын мөр л харин хаана ч бүдгэрэхгүй ээ...!

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Жигмэдийн Батсайхан

 

 

Холбоотой мэдээ