Орос-Африкийн удирдагчдын хамтарсан мэдэгдлийг нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /iz.ru/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ба Африкийн
орнуудын удирдагчдын Украины асуудлаарх хамтарсан мэдэгдлийг өнөөдөр Кремлийн
ордны цахим хуудсанд нийтэлжээ.
Баримт бичигт дурдахдаа, 6 дугаар сарын 17-нд болсон эхний уулзалтын
үеэр хэлэлцсэн хүмүүнлэгийн саналуудыг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц гарсныг
онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, байлдааны ажиллагааны бүсэд байгаа
хүүхдүүдийн эрхийг хамгаалах, Оросын ба Украины олзлогдсон цэргүүдийг солилцох гэх мэт.
Түүнчлэн Оросын үр тариа, бордоог экспортлоход гарч буй саад
тотгоруудыг арилгахад чиглэсэн тодорхой алхмуудыг хийхийг хамтарсан мэдэгдэлд
уриалаад, энэ нь үр тарианы хэлцлийг бүрэн хэрэгжүүлэх боломжийг олгоно гэдгийг
дурдсан байна. Тухайлбал, Европын Холбооны гишүүн улсуудын боомтуудад түгжигдээд
буй Оросын 200 мянган тонн бордоог Африкийн орнуудад нэн даруй, үнэ төлбөргүйгээр
нийлүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг Оросын болон Африкийн удирдагчид
НҮБ-д хандан уриалсан байна.
Түүнчлэн “Африкийн энхийн санаачилгыг хэрэгжүүлэх асуудлаарх
яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр Оросын ба Африкийн удирдагчид тохиролцсон”
гэдгийг хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Уг хамтарсан мэдэгдлийг ӨАБНУ нийтэлсний дараа ОХУ-ын
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдэгдсэний дагуу Кремлийн ордны
цахим хуудсанд нийтэлсэн байна.
ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч
мэдэгдэхдээ “ОХУ асуудлыг энхийн замаар зохицуулах арга замуудыг эрж хайх
эрмэлзэлтэй байна” гэдгийг мэдэгдсэний сацуу Африкийн удирдагчдын энхийн
санаачилга нь энэ оны 2 дугаар сард Хятад улсын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний
зарим заалтуудтай агуулга нэгтэй байгааг тэмдэглэн хэлж байв.