БНЧУ аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-09-15 09:40:12

БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайд Милослав Сташек Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнийг өчигдөр буюу энэ сарын 14-нд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНЧУ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг үр дүнтэй хэрэгжиж буйг талууд онцлов. Уг төслийн хүрээнд БНЧУ-д ойн мэргэжилтнүүдийг сургах, модны оройгоос үр түүх сургалтыг Монголын  ойн анги, ойн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдэд зохион байгуулжээ.  Мөн Дархан-Уул аймагт  ойн  үр үржүүлгийн хоёр төв байгуулж, 70 мянга гаруй нарсны тарьцыг хүлэмжид ургуулсан байна. Түүнчлэн БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олгож буй Хөгжлийн тусламжаар хэрэгжиж байгаа “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төсөл ч амжилттай хэрэгжиж буй  юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, “Хоёр улс байгаль орчны салбарт хамтран ажиллах гэрээг 2001 онд байгуулсан. Өнгөрсөн оны тавдугаар сараас “Монгол орны ойн болон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл 2017 онд дуусах бөгөөд төслийн хугацааг сунгах хүсэлтэй байна. Учир нь манай талаас Хөвсгөл аймагт ойн үрийн аж ахуйн цогц төвийг байгуулах, Чехийн ойн ашиглалт, арчилгаа цэвэрлэгээний технологи, техник тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах хүсэлтэй байгаа" хэмээв.

БНЧУ-ын Гадаад харилцааны дэд сайд М.Сташек Монгол орны аялал жуулчлалын салбарыг дэлхий нийт ихээр сонирхож байгаа тул энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаярыг Чех улсад урилаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ