ХЭНТИЙ: Бор-Өндөрчүүд бусдадаа боломж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-08 09:46:20
Бор-Өндөр /МОНЦАМЭ/. Бор-Өндөр сум нийт 493 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байсан бол нэг сарын гаруйн хугацаанд 111,8 сая төгрөгийн зээлийг эргэн төвлөрүүлсэн байна.
Ингэснээр өмнөх үлдэгдэл дээрээ энэхүү эргэн төлөлтийн мөнгийг нэмж нийт 381 сая төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн журмын дагуу жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар нэг хоршоо, 15 иргэнд олгожээ. Үүний ард 30-50 ажлын байр бий болж, төдий хэмжээгээр өрхийн үйлдвэрлэл өргөжих боломж нээгдэж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
Тус сумын захиргаанаас журмын дагуу эдгээр иргэдийг ямар зориулалтаар зээл авсныг олон нийтэд мэдээллэв. Мөн зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бусад зээлдэгчдийг зээлээ эргүүлэн төлж бусдадаа боломж олгохыг уриаллаа.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар төрөөс зээл аваад эргэн төлөөгүй иргэдийн нэрсийг өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн олон нийтэд танилцуулж, эргэн төлөлтийг эрчимжүүлэх бусдадаа боломж олгох ажлыг өрнүүлсээр байна.
Холбоотой мэдээ