ХОВД: Жилд дунджаар 40 гаруй өрх гэрлэлтээ цуцлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-08 12:14:38

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймаг нь 90 мянга гаруй хүн ам, 23 мянга орчим өрхтэй. Жилд дунджаар 500 гаруй өрх гэрлэлтээ шинээр батлуулж байгаа бол  40 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна.

2022 онд Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 148 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 56 тохиолдол байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр нь 2020 оны 11 сард ашиглалтад орсоноос хойш давхардсан тоогоор 159 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.  Нийт үйлчлүүлэгчдийн 17 хувь нь насанд хүрэгч, 83 хувь нь хүүхэд байжээ.

2023 оны  тавдугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл хөдөөгийн сумдад 43, аймгийн төвд 51 гээд нийт 94 бүртгэгдэн, шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл 6.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймээс гэрлэлтээ батлуулж буй залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлийн сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байна.  

Холбоотой мэдээ