“Луна-25” станцыг Сар руу хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-08-11 07:05:38

ВОСТОЧНЫЙ САНСРЫН ХӨЛГИЙН БУУДАЛ /Амур муж/. /ТАСС/. “Фрегат” хурдасгуур блок ба “Луна-25” автомат станцыг тээсэн "Союз-2.1б" зөөгч пуужин Москвагийн цагаар 02:10 цагт “Восточный” сансрын хөлгийн буудлаас амжилттай хөөрлөө. Энэ бол орчин үеийн Орос улсын түүхэнд Дэлхийн дагуул Сар руу хийж буй анхны нислэг юм.


Улмаар хурдасгуур ба автомат станц нь зөөгч пуужингийн гуравдахь угсраа хэсгээс салсан бол автомат станц нэг цагийн дараа “Фрегат”-аас салах ёстой. Төлөвлөсөн ёсоор уг станц 5 хоног хагасын дараа Саранд хүрэх бөгөөд Сарны гадаргуугаас 100 км-ийн өндөрт орших тойрог замд орж, 3-7 хоногийн хугацаанд байрлана. Үүний дараа Богуславскийн тогооноос холгүй цэгт газардах юм.


“Луна-25” станцыг хөөргөсний гол зорилго бол зөөлөн газардах технологийг турших явдал ажээ. Түүнчлэн уг аппарат Сарны өмнөд туйл дээр газардсан анхны аппарат болох ёстой ба Дэлхийн дагуулын дотоод бүтцийг судалж, ус болон ашигт малтмалын нөөцийн хайгуул судалгааг хийх юм. Мөн сансрын туяа болон цахилгаан соронзон цацрагууд Сарны гадаргууд хэрхэн нөлөөлдөг болохыг судална.  


Автомат станцад хэд хэдэн дүрс бичлэгийн камер суурилуулсан бөгөөд тэдгээр нь Саран дээр буух явц ба Сарны дэлгэмэл /панорам/ зургийг HDR хэлбэрээр авч Дэлхий рүү илгээнэ.


Цаашдаа 2027 ба 2028 онуудад тойрог замын “Луна-26” аппарат, “Луна-27” буугч станцыг тус тус хөөргөхөөр төлөвлөжээ.

 

 

 

Холбоотой мэдээ