Их эзэн Чингис хааны хүүхдүүд, ач нар нь Алтан ордон улс, Цагаадайн улс, Ил хаант улс Их Юань гүрнийг захирахдаа Монгол аймгуудын төлөөллийг авч явдаг байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-08-11 16:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын хүрээнд Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан “Монголын гадаад ертөнц ба гадаад харилцаа” салбар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ.


Өнөөдөр салбар хуралдааны эхний хэсэгт:

  • Ш.Эгшиг (Монгол Улс). Эртний “Талын зам” ба Монголын энх тайван
  • Mei Hua Lan (Taiwan). The Gradual Change and Development of Tibetan Buddhism in Russia
  • О.Нямдаваа (Монгол Улс). Төв Азид оруулсан Цагаадай хааны хувь нэмэр
  • О.Болормаа (Монгол Улс). Монголын Эзэнт гүрний элчин харилцаа: Раббан Саума ба Мар Ябаллаха III нарын түүхэнд холбогдох зарим судалгаа зэрэг илтгэл сонсгож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэдгээрээс ахмад дипломатч О.Нямдаваагийн илтгэлийг энд сийрүүлье.

Цагаадай хааны талаар бичиж үлдээсэн баримт маш бага байдаг юм байна. Монголын түүхэнд 1225 онд Их эзэн Чингис хаан 4 хүүдээ газар нутгаа хуваарилж өгөхдөө Цагаадай Уйгарын орноос Ану мөрөн хүртэл өргөн уудам нутгийг хувь болгон түүнд өгсөн баримт байдаг юм байна. Илтгэгч Цагаадай хааны Төв Азийн хөгжилд оруулсан хувь нэмрийг доорх байдлаар танилцууллаа. Тухайлбал, Чингис хааны түмтийн системийг Төв Азид бий болгосон. Узбек, Киркизид одоо болтол тэр систем хадгалагдаж байна. Торгоны замын аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Ланжаугаас Машгадын хоорондын торгоны замыг мундаг хамгаалалттай болгож, өөрийн монополийг тогтоосон. Цагаадай хааныг дагаж очсон 4 аймаг байдаг. Энэ аймгууд Төв Азид очоод 800 жил болжээ. Тэнд 800 жил болохдоо тэд ёс заншлаа ер алдаагүй. Харин Жалайр аймгийг Кожоонтой, Барласыг Кажяадайрьяатай, Никузийг Амударьяатай, Найман аймгийг тэр хөндийд нь тус тусад нь байлгаж байна. Далай руу очсон тэр аймгууд өөрийнхөө монгол байдлыг яаж хадгалж чадах вэ гэсэн асуудал гарч байжээ.


Тэд очсон газар нутгаа өөрийнхөө аймгуудаар нэрлэсэн хотууд бий болгосон байна. Төв Азид очоод олон хэлээр ярьж байсан ард түмнийг нэгтгээд, нэгдсэн нэг хэлтэй болгожээ. Бий болгосон хэлийг хааныхаа хэрээр нэрлэнэ гэхэд нэг ч хүн эсэргүүцээгүй. Цагаадай хэл үүссэн түүх ийм учиртай юм байна. Тэр хэл 1917 он хүртэл Төв Азид хэрэглэгдэж байжээ. Шинжаан Уйгарт 1949 он хүртэл тогтсон хэл бий гэнэ. Гэхдээ цагаадай хэл гэж байгаагүй. Тэр бол эртний түрэг хэл гэж зарим эрдэмтэн хэлдэг байна. Түүнийг түрэг хэл биш, цагаадай хэл гэдгийг Шинжаан Уйгарын эрдэмтэн Энхтайван баталжээ. Ийм учраас цагаадай хэлийг бид анхааран үзэх ёстой гэж илтгэгч онцолж байсан юм.


Ер нь “Их эзэн Чингис хааны хүүхдүүд, түүний ач нар нь Алтан ордон улс, Цагаадайн улс, Ил хаант улс Юанийн эзэнт улсыг захирахдаа Монгол аймгуудын төлөөллийг авч явдаг байжээ. Гэтэл зарим орны эрдэмтэд монголчууд хов хоосон морьтойгоо ирсэн гэж хэлдэг. Түүнийг батлах олон янзын оролдлого хийдэг болжээ. Харин “хаадыг дагасан аймгууд, цэргийн нэгтгэл очсон газар орондоо Монголын нүүдлийн соёл, зан заншил, ахуй, ан агнуурын нарийн соёл, олон төрлийн хоолны онцлог цэргийн дүрэм журмыг суурьшуулж байжээ. Цаг хугацааны уртад тухайн улсын суурин соёл, монголчуудын нүүдлийн соёл хоёрын дундаас холимог соёл, холимог зан заншил, холимог архитектор, одон орон судлал, цаасан мөнгөний гүйлгээ, шашны урсгал шинээр бий болж байсан” гэж тэрбээр цохон хэллээ.


Уг салбар хуралдаанаар мөн "Монголын Эзэнт гүрний дипломат өв”, “Орчин үеийн Марко Поло” болон “Хятад, Монгол хоёр улсын хамтарсан мэдэгдлүүд дэх Энх тайвнаар зэрэгцэн орших үзэл баримтлалын хөгжил” зэрэг сэдвээр 26 илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Холбоотой мэдээ