СҮХБААТАР: Бага анги, англи хэл, дуу хөгжмийн зэрэг багш нэн дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-16 14:44:44

Баруун-Урт /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд Сүхбаатар аймагт давхардсан тоогоор 82 багшийн орон тоо дутагдалтай байгааг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мэдээллээ.


Бага анги, математик физик, хими биологи, англи хэл, дуу хөгжмийн багш нэн шаардлагатай байгаа аж. Боловсролын салбарын сул орон тоог нөхөх, цаашлаад Хөдөөгийн сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд Улаанбаатар хот болон өөр аймаг, хотоос Сүхбаатар аймагт шилжин ирэх дээрх чиглэлийн мэргэжлийн багш нарт орон нутгийн зүгээс орон сууц болон хашаа байшин худалдан авах, газар аваад байшин барих зэрэгт  мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Мөн Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд заасан журмын дагуу хамтран ажиллахад бэлэн. Орон нутагт шилжин ирэгсдэд зориулсан энэхүү тусгай хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.


Энэ жил багш мэргэжлээр төгсөн ирэх шинэ төгсөгчдийн тоо огцом буурчээ. Жилдээ 50-60 багш шинээр ирдэг байсан бол энэ удаад 20 орчим шинэ төгсөгч бүртгүүлсэн байна. Тиймээс шинэ элсэгч, төгсөгчдөдөө орон нутагтаа ажиллах сэдлийг өгч, суурийг нь тавих үүднээс багшийн мэргэжлээр элсэн сурч буй орон нутгийн оюутнуудыг бүх шатанд нь нутагтаа ирж дадлага хийлгэх нөхцлийг бүрдүүлж эхэлжээ. Тодруулбал аймгийн БШУГ, МУБИС-тай хамтран ажиллахаар болж, улмаар уг ажыг энэ хичээлийн жилээс эхлүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ