СҮХБААТАР: Аймгийн төвийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд
сургууль, цэцэрлэгийн барилга шинээр баригдаагүй. Баруун-Урт сумын тавдугаар
сургуулийн барилгын ажил он дамжин үргэлжилж байгаатай холбоотойгоор сургуулиудын
ачаалал нэмэгдэж, гурван ээлжээр хичээллэхэд хүрчээ.
Тус шинэ барилгыг 12
дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Одоогоор барилгын
ажил 80 гаруй хувьтай, дотоод засал 60 орчим хувьтай үргэлжилж байна. Шинэ барилгад Баруун-Урт
сумын гуравдугаар сургуулийг шилжүүлэн оруулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор
энэ хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа болон хөдөө сумдаас
10 дугаар ангид элсэн орж байгаа сурагчдын дийлэнхийг гуравдугаар сургуульд
хуваарилжээ. Ингэснээр тус сургуулийн сурагчдын тоо 900-аас 1200 болж өсөх аж. Улмаар гуравдугаар сургууль шинэ байрандаа
ороход бусад сургуулиудын ачаалал буурч 1-2 ээлжинд орно гэж аймгийн БШУГ-ын
дарга Л.Байгалмаа хэллээ.
Мөн ойролцоох сумдаас
шилжилт хөдөлгөөн их хийгддэг нь төвийн сургуулиудын ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болдог байна.
Энэ хичээлийн жилд Баруун-Урт
сумын хэмжээнд 19 бүлэгт 600 гаруй хүүхэд, аймгийн хэмжээнд 1500 хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн
суралцана. Харин ЕБС-д нийт 14300 орчим
сурагч суралцах аж.