Канад охины Монголын говьд гээсэн хайртай сүлжмэл бамбаруушийг олж, эзэнд нь хүргүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-24 19:35:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Монголд аялаад буцсан Канад улсын гэр бүлээс аяллын явцад гээсэн охиныхоо хайртай сүлжмэл бамбаруушийг олж өгөхийг хүссэн зарлалыг гаргасан юм. Тэгвэл охины хайртай бамбарууш олдсон, нутгийн иргэд түүнийг эзэнд нь хүргүүлэхээр Канад улс руу явах хүнд хүлээлгэж өгсөн таатай мэдээлэл байна. 


Канад охин гэр бүлийнхээ хамт аялж явах үедээ Өмнөговь аймгийн Сэврэй сум дахь Хонгорын элсэнд байрлах "Жуулчин говь-2" жуулчны баазад байрлаж, амарчээ. Харин эндээс явахдаа охин хайртай бамбаруушаа орныхоо арын хөндийд унагаж орхисон байжээ. Үүнийг жуулчны баазын ажилтан У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар олж, зарын дагуу эзэнд нь хүргүүлэхээр Улаанбаатар хотод авчирч, Канад улс руу явахаар бэлтгэж буй бүсгүйд хүлээлгэж өгчээ.


Энэхүү бамбарууш охинд аавыг нь орлож үлдсэн бэлэг, хайртай тоглоом нь юм байна. Тиймээс аавынхаа үнэртэй бамбаруушийг гээсэн охин сэтгэл санааны гүн хямралтай байгааг гэр бүлийнхэн нь зар тавихдаа учирлаж, боломжтой бол олж өгөхийг хүсчээ. Нутгийн хүмүүс, Хонгорын элс орчмын жуулчны баазынхан энэ тухай дуулснаар охины бамбаруушийг ийнхүү олж,  гялгар уутанд хийж хямгадан эзэнд нь хүргүүлэхээр болсон байна. 


Канад охины аавыг нь орлож үлдсэн хайртай бамбарууш удахгүй эзэндээ хүрч, бяцхан охин баярлаж хөөрөх нь дамжиггүй. Магадгүй Монгол орноор аялсан энэ удаагийн аяллаа насан туршдаа сэтгэлдээ тээж, хайртай бамбаруушийг нь олж өгсөн монголчуудад талархаж явах биз ээ... 


Холбоотой мэдээ