Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-15 18:07:59

Нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн  хурлаараа Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайн нэрийг сэргээх асуудалд санал нийлж,  дахин Д.Сүхбаатарын талбай болгох шийдвэрийг гаргасан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн Их жанжны удам болох иргэн З.Хайдар 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн дагуу гурван шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр НИТХ-ын 79 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө баталсан. Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг танилцуулж байна“ гэлээ. Хуралдаанд оролцсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гаргалаа.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ