Нийт нутаг дэвсгэрийн 71 хувийг бэлчээрийн байдлаар ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-09-16 09:34:17

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь бэлчээрийн байдлаар ашиглагдаж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 15-нд Монгол, Кувейтийн  судалгааны төвд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг эхэлсэн. Уг сургалтаар “Тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг, ач холбогдол”, “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. 2015 оны байдлаар Монгол орны  нутаг дэвсгэрийн 71 хувь бэлчээрийн нь газар болжээ. Түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Энэ нь сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнтэй холбоотой аж. Мал өснө гэдэг ард иргэдийн амьдралд тустай ч нөгөө талаар байгаль орчинд  сөргөөр нөлөөлж, цөлжих, гол горхи ширгэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн “Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-ны захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэн  илтгэлдээ онцлов.

Тэрбээр, “Бэлчээрийг зохицуулах, хамгаалах, нөхөх сэргээх зэрэг асуудлуудад төрөөс зохицуулалт дэмжлэг хэрэгтэй. Малын бэлчээрийг хамгаалах асуудал жилээс жилд хурцаар тавигддаг. Тиймээс малын тоо толгойг цөөлж, чанаржуулах, бэлчээрийг сэлгэж,  зүй зохистой ашиглах ёстой. Үүний тулд  хөдөө аж ахуйн  бэлчээрийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой” хэмээв.

Сургалтыг ХХААЯ, БОАЖЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа багаад орон нутгийн төлөөлөл, Монголын болон БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны  судлаачид  оролцож байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ