Коала нутагладаг газар мод бэлтгэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-12 17:39:42

СИДНЕЙ. /AFP/. Австралийн хамгийн олон хүн амтай Шинэ Өмнөд Уэльс муж улс коалаг устаж үгүй ​​болохоос хамгаалах зорилгоор коала нутагладаг ойд мод бэлтгэхийг хориглолоо. 


Мужийн засгийн газраас мэдэгдсэнээр, энэхүү уутат баавгай нутагладаг 8400 га талбай бүхий ойд мод бэлтгэх ажлыг зогсоосон байна. 


Тус газар нь тус Шинэ Өмнөд Уэльсийн зүүн хойд эргийн дагуу байгуулагдах гэж буй 315 мянган га талбай бүхий "Их Коала" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсгийг бүрдүүлж, "коалаг устаж үгүй болохоос хамгаалах" юм. 


Энэ бол "гагц Австралид байдаг коалагийн амьдрах орчныг бүрдүүлэх түүхэн алхам юм" гэж Байгаль хамгаалах зөвлөлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Брэд Смит онцлон тэмдэглэжээ.


WWF-Австралийн сангийн тэргүүн доктор Стюарт Бланчийн хэлснээр, тус муж улсад 2000-2020 оны хооронд ган гачиг, ойн түймэр, мод огтолсны улмаас коалагийн тоо толгой 50 гаруй хувиар буурчээ. Засгийн газрын энэ алхам бол "энэ эмгэнэлт явдлыг зогсоох боломж юм. Хэрвээ бид энэ зуунд коалаг устаж үгүй ​​ болохоос аврах гэж байгаа бол сая сая га ойг хамгаалалтад нэмж авах хэрэгтэй" гэж тэрбээр хэлсэн байна.


Харин “Ногоон” байгаль орчны хөдөлгөөний төлөөлөгч Сью Хиггинсон энэ алхмыг "модны үйлдвэрлэлд өгч буй бэлэг" гэж шүүмжлээд "Их Коала үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2025 он гэхэд байгуулах Засгийн газрын зорилт хэрэгжих гэсээр байтал өнөөдрийн хоригт багтаагүй хэдий ч коалагийн нийт тоо толгойн 58 хувь нь нутагладаг ойн бусад хэсэгт мод бэлтгэл үргэлжлэх юм байна. Засгийн газар ойн аж үйлдвэрийн шилжилтийг одоо эхлэх хэрэгтэй" гэж мэдэгджээ.


Мужийн засгийн газар удахгүй төрийн өмчит мод бэлтгэлийн Forestry Corporation NSW-тэй мод нийлүүлэх хувилбаруудын талаар зөвлөлдөж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ