Хятадад болсон үерийн үеэр 70 гаруй матар алдагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-13 10:45:04

БЭЭЖИН. /ВВС/. Хятадын өмнөд хэсгийг "Хайкуй" хар салхи дайрч, их хэмжээний үер болсны улмаас матар үржүүлгийн фермээс 70 гаруй матар алдагдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.


Гуандун мужийн Маомин хотын нуурын ус хальж үерлэх үеэр 75 орчим матар "зугтсан" аж.


Орон нутгийн эрх баригчид зарим матрыг барьж, заримыг нь буудаж, цахилгаанд цохиулж “аюулгүй” болгож байгаа аж.


Одоогийн байдлаар найман хэвлээр явагчийг барьж, бусад нь баригдаагүй байгаа тул ойролцоох тосгоны оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.


“Хайкуй” хар салхи бүтэн долоо хоног гаруй хугацаанд Өмнөд Азийн Хятад, Хонконг, Тайвань, Япон зэрэг орныг дайран өнгөрсөн юм.


Хятадын өмнөд хэсэгт хөрсний гулгалт, үер болсны улмаас долоон хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ.


Маомин хотын Онцгой байдлын товчооны мэдээлснээр, нас бие гүйцсэн 69 матар, зургаан матрын зулзага үерийн үеэр алдагдсан байна.


Хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч зарим мөлхөгчид усны гүнд байсаар байгаа аж. Онцгой байдлынхан тэднийг олохын тулд дуу авианы аппарат ашиглаж байна.


Тэдгээр сиамын матар нь цэнгэг усны хэвлээр явагчид бөгөөд нас бие гүйцсэн матрын урт ойролцоогоор 3 метр хүрдэг.


Гуандун мужийн Маомин хотод матрын ферм олон байдаг бөгөөд мах, арьсыг нь ашиглах зорилгоор үржүүлдэг аж.

Холбоотой мэдээ