Авто угаалгын газрууд цэвэр ус ашигласаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 11:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод авто угаалгын 34 газар саарал усны төхөөрөмж суурилуулсан хэдий ч эвдэрсний улмаас бүгдээрээ цэвэр ус ашиглаж байна.


Иймд Засгийн газраас таван жилийн өмнө баталсан тогтоол яагаад хэрэгжихгүй байгаа талаар УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Усны хяналт шинжилгээний хэлтсийн дарга Сайханжаргалаас тодруулахад, “Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 18-нд баталсан 73 дугаар тогтоолд автомашин угаалгын газруудыг саарал ус ашиглах тухай тодорхой зааж өгсөн ч өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй байна. Учир нь авто угаалгын газрууд саарал усны төхөөрөмж суурилуулсан боловч эвдэрч гэмтсэний улмаас тэдгээр төхөөрөмжийг ашиглаж байгаа нэг ч газар байхгүй. Автомашин угаалгын газрууд бүгд цэвэр ус ашигласаар байна. Төхөөрөмжөө засах шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа. Саарал усны стандарт нь ундны бус хэрэглээг хангах зориулалттай байдаг” гэлээ.


Дэлхийн цэнгэг усны нөөц багатай 22 орны нэг нь Монгол Улс юм. Манай орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын, 20 хувь нь газрын доорх ус эзэлдэг байна. Гадаргын усны хэрэглээний 0.4 хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд, 99.6 хувийг үйлдвэр, үйлчилгээнд ашигладаг бол газар доорх усны 0.8 хувийг хүн амын унд, ахуйн хэрэглээнд, 99.2 хувийг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

                                                                                                                                                                                     Т.Амаржаргал


Холбоотой мэдээ