Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймаг, тариалангийн бүс нутагт ажиллалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оныхоос 20 орчим хувь өсөхөөр байна.
Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3
хувь нэмэгдэх төлөвтэй байгааг Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт
Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт
чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцах үеэр мэдээлжээ.
“Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр гүйцэтгэж буй тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэг юм. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч одоогоор ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгана. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оруулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг Ерөнхий сайд онцлоод, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын
“Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй
уулзав. Тус компани нь 2004,
2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2500-3000 га-д тариа
тариалж, 2500-4500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. Энэ онд 3000 га талбайд үр тариа, тосны
ургамал, тэжээлийн ургамал тариалжээ.
Тус компани үрийн чанарт анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэснээр га-гаас авах ургацын хэмжээ
нэмэгджээ. Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх нь бага байгаа аж. Ирэх өдрүүдэд
хур бороо бага байвал га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэх боломжтойг “Атар трейд” ХХК-ийн ерөнхий
захирал Ө.Чимиддорж танилцууллаа.
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон 3 хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буйг шийдэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавих зохицуулалт хэрэгтэйг тариаланчид уламжлав. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан, Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлж, Монгол Улс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.