ХОВД: Эрдэнэ шиш тариалах ажил урагштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-18 12:10:15

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт "Арвижих ферм" ХХК усалгаатай газар тариалан эрхэлж, энэ жил 2000 га талбайд эрдэнэ шиш, 500 га талбайд ногоон тэжээл тариалжээ.

Ховд гол дээр суурилуулсан усны толгой барилга нь цагт 1000 тонн ус татах хүчин чадалтай.  Нэг услалтын систем нь гэхэд 100 га талбайг 540 тонн усаар бороожуулах хүчин чадалтай аж.

Ховд аймгийн тэжээлийн хэрэгцээ жилд 1000 тонн байдаг. Эднийх 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эрдэнэ шиш хурааж, 3000 тонн даршилсан хүчит тэжээл бэлтгэн баруун бүсийнхээ хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.

Одоо харин малчид өвлийг өнтэй мал мэнд, сүрэг бүрэн давахын тулд эрдэнэ шишийн даршилсан тэжээлээ эртнээс базааж, хэрэглэж сурахыг мэргэжилтнүүд уриаллаа.

Аймгийн хэмжээнд одоогоор нийт 3000 га талбайд тариалалт хийсэн. "Ховд агро парк" төслийн хүрээнд усалгаатай тариалалтыг нэмэгдүүлж жимс жимсгэнэ, нарийн ногоо, өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлж, эрдэнэ шиш, царгас гээд тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байна. Ховдод эрдэнэ шиш тариалах ажил урагштай сайхан байна гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.   


Холбоотой мэдээ