Ханжөүгийн наадамд Монголын баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-09-20 12:01:05

ХАНЖӨҮ. /ocasia.org/. 19 дэх удаагийн Азийн наадам Хятадын Жөжян мужийн Ханжөү хотод есдүгээр сарын 23-ны өдөр эхэлнэ. Энэ удаагийн наадамд Монгол Улсын баг түүхэндээ хамгийн олон буюу 403 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 


Монголын багийн ахлагч А.Ганбаатар Азийн наадмын тосгонд баг тамирчдыг хүлээн авах ёслолын дараа хэлэхдээ “Хятад улс бол бидний сайн анд найз бөгөөд энэ удаагийн наадамд бид хамгийн том баг бүрдүүлэхийг зорьсон. Бид спортын 34 төрлөөр оролцох бөгөөд энэ бол Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг юм" хэмээлээ. 


“Бид багийн спортын төрлүүдэд маш олон тамирчнаа оролцуулж байгаа нь манай багийн бүрэлдэхүүнийг илүү өргөн болгож байна. Бид Монголын залууст спортоор хичээллэх урам зориг өгөхийг хичээдэг, манай багийн гишүүдийн ихэнх нь залуус” гэж тэрбээр онцлов. 


Монголын тамирчид Азийн наадамд 1974 онд анх удаа оролцсоноосоо хойш тус наадмаас 25 алтан медаль хүртсэний дотор 12-ыг нь бөхийн төрөлд авсан учраас уг төрөлд медаль хүртэнэ гэж хамгийн их найдлага тавьж байгааг Азийн наадмын багийн ахлагч хэллээ. Тус улс хөл бөмбөг, сагсан бөмбөг, крикет, волейболын төрлөөр баг тамирчдаа оролцуулах боловч бөх бол хамгийн ихээр найдвар тавьж буй спортын төрөл юм.


"Бид өмнөх шигээ бөхийн спортын төрөлд медаль авах гол найдлага тавьж байна. Түүнчлэн бид буудлага, боксын спортод ихээхэн найдлага тавьж байна" гэж А.Ганбаатар хэлэв. 


Энэ үеэр Азийн наадамд оролцох Монголын багийг угтан авсан Ханжөүгийн Азийн наадмын тосгоны дарга Ли Хуолинь ярихдаа, тамирчдын тосгон "ногоон, ухаалаг, хэмнэлттэй, ёс зүйтэй" байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Ханжөүгээс гадна тэмцээн явагдах Жөжян мужийн Нинбо, Вэнжоу, Жинхуа, Тунлу, Чуньань гэсэн таван хотод тамирчдын тосгон байгуулагджээ.



Холбоотой мэдээ