“Гранд тур” улсын XXI олимпиадад 400 гаруй оюутан өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гранд тур”-2023 аялал жуулчлалын улсын XXI олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг “Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн” төрлөөр Сүхбаатарын талбайд энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Жил бүрийн есдүгээр сарын 27-ний өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэдэг. Эл өдрөөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Гранд тур” улсын олимпиадыг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, коллежуудын дунд зохион байгуулдаг юм.
21 дэх жилдээ зохион байгуулж буй “Гранд тур” улсын олимпиадад 14 их, дээд сургууль, коллежийн 400 гаруй оюутан “Центавр” асуулт хариулт, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, спорт явган аялал, эрдэм шинжилгээний хурал, бизнес загварчлалын тэмцээн гэсэн таван төрлөөр өрсөлджээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Манай салбарынхан энэхүү баярын өдрөө олон бүтээлч ажлыг хийж тэмдэглэдэг. Түүний нэг нь “Гранд тур” улсын олимпиад юм. Оюутан залуусын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбартаа илүү дурлах, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор жил бүр зохион байгуулсаар байна. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс нэлээн онцлогтой байгаа. Оюутан залуус есөн өдрийн туршид таван төрлөөр өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан өрсөлдсөн. Танхимын үйл ажиллагаанаас гадна байгальд майхантай байрлаж олон төрлийн тэмцээн зохиож ур чадвараа сорилоо” гэв.
“Их засаг” их сургуулийн оюутан Е.Баасан, “Энэхүү олимпиадад манай сургууль 2007 оноос хойш тасралтгүй оролцож байна. Байгаль орчноо хэрхэн ногоон чигээр нь байлгах вэ гэсэн санааг хүргэх үүднээс бүтээлүүдээ бэлтгэсэн. Энэ жил явган аяллын төрөлд хоёрдугаар байр, эрдэм шинжилгээний хурлаар мөн хоёрдугаар байрт шалгарсан” гэлээ.
Монгол Улс 1990 онд дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.
Т.Амаржаргал
Р.Цэцэгбаяр