Цөмийн анагаах ухааны чадавхыг дэмжих чиглэлээр хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган Австрийн Вена хотноо энэ сарын 25-29-нд болж байна.
Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНСУ, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн /КИРАМС/ Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолд ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар байлцлаа.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах зорилготой ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн наймдугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Төслийг 2024-2027 онд хэрэгжүүлснээр УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэн манай улсын хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих ач холбогдолтой.
