Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд Өвөрхангай аймгаас 1500 хүн өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-19 17:59:03

Монгол улсад нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн энэ өдөр хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

21 дэх жилдээ тэмдэглэж буй уг өдрөөр Өвөрхангай аймгийн удирдлагууд  “Хэлмэгдэгсэдийн хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Өвөрхангай аймгаас нийт 1500 орчим хүн өртсөн байна. Тэдний дурсгалд зориулж Арвайхээр сумын Гэндэнгийн гудамж, Намнансүрэнгийн гудамжны уулзвар дээр хоёр жилийн өмнө гэрэлт хөшөөг байгуулсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Арвйхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцжээ.

Уг өдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр ярилцлага өрнүүлж, хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан Ганданпунцоглин хийдэд буяны ном хуруулсан байна.

Аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 1998-2016 оны хооронд 1140 хүний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн ба цагаатгагдсан 1500 хүнээс өнөөдрийн байдлаар 516 хүнд 510 сая төгрөгийн цагаатгалын нөхөн олговор, 1 хүнд орон сууцны нөхцөлийг сайжруулахаар 30 хүртэл сая төгрөгийн мөнгөн олговрыг олгоод байгаа ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ