Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-29 16:55:04

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.


Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьжээ. Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэхээс гадна Богд уул, Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлж, Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж байгаа аж.


Хуучин гүүрийг 1968 онд ашиглалтад оруулснаас хойш нэг ч удаа их засвар хийж байгаагүй бөгөөд тус гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, нурааж шинээр барих дүгнэлт гаргаж байжээ. 

Холбоотой мэдээ