Хөвсгөл аймгийн тахилгат Цагаанчулуутын овоог тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-19 23:43:21

Намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр Хөвсгөл тахилгат овоо болох Цагаанчулуутын овоог анх удаа тахив.

Овооны тахилгад аймгийн Засаг дарга Л.Ганболд, болон Гандан хийдийн лам нар, нутгийн зон олон оролцсон бөгөөд 32 хүүхдийн барилдаан, даага, их насны морьдын уралдаан зохион байгууллаа. Тус овоог аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар аймгийн тахилгатай болгох шийдвэр гаргаж жил бүх хүндэтгэл үзүүлж 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтоолд тусгажээ.

Мөн овооны ойр орчмын газар нутгийг хамгаалах, тохижуулах ажлын хүрээнд  2015  оны байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 21,8 сая төгрөгийн санхүүжилтээр төрийн 7 эрдэнэ, найман тахил, алтан ганжуур, гүнгэрваа, арслан, сүүдрэвч, сангийн бойпор, сандал, явган зам гэх мэт 15 төрлийн ажлыг Их цэц брэнд компани хийж гүйцэтгэсэн байна.

Анх 1802 онд тахиж эхэлсэн түүхтэй бөгөөд Хотгойдын шадар ван Чингүнжавыг 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боож, мөнгөн хайрцагт хийж, буу сэлэмний хамт овооны газар ухан булж оршуулган дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ