"Сансар судлал" сэдэвт шуудангийн шинэ марк гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-10-04 15:51:57

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн сансрын долоо хоногийн хүрээнд "Сансар судлал" сэдэвт шуудангийн шинэ марк болон анхны өдрийн дугтуйн нээлтийн ёслол Зайсан хилл цогцолбор дахь Дүдү шинжлэх ухааны музейд өнөөдөр болов. 


Энэхүү "Сансар судлал" сэдэвт дөрвөн нэр, нэг блок маркт сансар судлалын дэвшилтэт техник, технологи бүхий төхөөрөмж, станц, телескоп, хөлөг, ровер дүрслэн харуулжээ. Үүнд:


-“ЖУНО” нь сансрын туршуул төхөөрөмж Жуно 2016 оны долоодугаар сарын 5-нд Бархасбадийн туйлын тойрог замд орж, шинжлэн судлах ажлаа эхлүүлсэн. 


-“ТЯНЬГУН” нь нисгэгчгүй анхны ачааны хөлөг юм. 


-“ЖЕЙМС ВЕББ” нь 6,5 метрийн голчтой, тойрог замд гарсан хамгийн том толь бүхий сансрын дуран авай юм. 


“ОРИОН” нь сарыг судлах шинэ үеийн сансрын хөлөг бөгөөд туршилтын нисгэгчгүй нислэгээр сарыг хоёр удаа тойрч, гадаргууд 130 км-ийн зайд ойртож, 26 хоногийн дараа дэлхийдээ эргэн ирсэн.


“ЖУРОНГ” нь Ангараг дээр явагч ровер бөгөөд тэрээр Ангарагийн гадаргуугаас анхны зургуудаа илгээсэн зэргийг тус тус дүрслэн харуулжээ. 


НҮБ-аас 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүрийн 10 дугаар сарын 4-10-нд зохион байгуулна гэж тунхагласан. Учир нь, 1957 оны 10 дугаар сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуул болох Спутник 1-ийг сансар огторгуйд хөөргөсөн нь өнөөгийн сансрын судалгааны хөгжлийн эхлэл болсон гэж үздэг. Дэлхийн сансрын долоо хоног нь хүүхэд залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяарх хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлах зорилготой.  








Холбоотой мэдээ