СҮХБААТАР: Хотоос хөдөөг зорьсон “Багш” гэр бүл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-04 15:50:50

Асгат, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Б.Баярбалт, Н.Батцэцэг нар багш мэргэжлээрээ Улаанбаатар хотод 10 гаруй жил ажиллаж байгаад 2021 онд Сүхбаатар аймгийн Асгат сумыг зорин иржээ. Замын түгжрэл, агаарын бохирдлоос эхлээд нийслэлийн ачаалалт амьдралаас зайлсхийж, амар тайван ажиллаж амьдрахаар сэтгэл шулуудан ирсэн нь энэ аж.


Нөхөр Б.Баярбалт нь технологийн, эхнэр Н.Батцэцэг нь англи хэлний багшаар Асгат сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна.


Би Сүхбаатар аймагт арван жилээ төгссөн. Их сургууль төгсөөд л Улаанбаатар хотод ажиллаж амьдарсан. Мэдээж хотын стрессээс залхсаны дээр охиноо эрүүл агаарт өсгөж, амар тайван амьдруулахыг хүссэн. Нөгөө талаар өөрийн сурсан мэдсэнээ орон нутгийн хүүхдүүдэд зааж өгөхийг хүссэн. Энэ бүх хүсэлтийг гэр бүлийн хүн маань ч дэмжиж, ингээд л Асгат сумыг сонгон ирсэн дээ.


Учир нь Асгатын сургуульд яг бид хоёрын чиглэлийн багш дутагдалтай байсан. Тийм болохоор сургуулийн хамт олон, сум орон нутгийн удирдлагууд маш сайхан угтаж авсан. Мөн маш сайн дэмжиж хамтран ажиллаж байгаа. Саяхан гэр бүлийн хэрэгцээний газрын асуудлыг шийдэж өгсөн. Тэндээ хашаа татаад сайхан байшин барихаар төлөвлөж байгаа. Хөдөөд ажиллаж, амьдрах үнэхээр сайхан байдаг. Адаглаад л ажлын бус цагаар хангалттай гэр бүлтэйгээ хамт байж чадаж байна. Цаг ашиглалт гэдэг зүйлийг бүрэн утгаар нь мэдэрч байгаа гэж Б.Баярбалт хэллээ.


Харин эхнэр Н.Батцэцэг нь хэлэхдээ, нөхрийнхөө саналыг дэмжээд, маш гоё зүйлийг төсөөлж ирсэн. Гэхдээ яг ажлын байран дээрээ гарахад хот, хөдөөгийн хүүхдүүдийн харилцаа, хандлага газар тэнгэр шиг ялгаатай байгааг ажигласан. Анхандаа учраа олохгүй өөрөө стресстэж, жаахан шантарсан. Заримдаа яах гэж ирэв ээ гэж бодох ч үе байсан. Хамт олон маань дэмжиж, надад итгэж байхад илүү сайн хичээгээд үзье гэж өөрийгөө хурцлаад л урагш зүтгэсэн дээ.


Одоо бол хүүхдүүдийнхээ арга эвийг олоод, ажлынхаа учрыг олчихсон болохоор хөдөөд ирсэн нь зөв байсныг илүү ихээр ойлгож ухаарч байгаа. Ямар нэг дарамт шахалтгүй, стресс бухимдалгүй амар амгалан, сэтгэл тайван байх үнэхээр сайхан байдаг хэмээн ярилаа.


Б.Баярбалт технологийн кабинет байгуулахыг зорьж өөрөө төсөл боловсруулан аймгийн Засаг даргад танилцуулжээ. Хотоос хөдөөг зорин ирсэн гэр бүлийг дэмжиж ажиллах нь зүйн хэрэг гээд 18 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, мөрөөдлийнх нь кабинетыг байгуулж өгчээ. Ингэснээр ажлын бүтээмж илүү дээшилж, хүүхдүүдийн сурах идэвх сонирхол маш ихээр нэмэгдсэн. Танин мэдэхүй талаасаа ч сурагчдад өндөр ач холбогдолтой гэдгийг Б.Баярбалт багш хэлж байна.


Технологийн кабинетад шаардлагатай 20 орчим нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж бий. Сурагчид багштайгаа хамтран багаж хэрэгслүүдээ ашиглахын зэрэгцээ сургуулийнхаа бүр гэрийнхээ эвдэрсэн ширээ сандлыг хүртэл авчирч өөрсдийн гараар засдаг болжээ. 



Холбоотой мэдээ