ОРХОН: Орон нутагт үений дурангийн мэс заслыг анх удаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-09 11:16:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэмтэл, согог судлалын  олон улсын эрдмийн чуулган”-ыг энэ сарын 7-нд Орхон аймагт зохион байгууллаа. .


Олон улсын XXV чуулганд ОХУ, Энэтхэг, ХБНГУ-ын эрдэмтэн, судлаачид болон нийслэл, орон нутгийн 160 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, салбарын хөгжил дэвшил, ололт амжилт, алдаа оноог хэлэлцэн  харилцан туршлага солилцлоо.


Энэхүү чуулганаар хиймэл үе суулгах, үений дуран, гэмтлийн мэс засал болон  мэс заслын хүндрэл, хавдар түлэнхий нөхөн сэргээх мэс засал, нийгмийн эрүүл мэнд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.


Монгол Улсад гэмтэл, согог, судлалын чиглэлээр төгсөх төгсөгчдийн тоо нэмэгдэж байгаа ч эмнэлгийн ачаалал их, хүртээмж хангалтгүй, осол, гэмтлийн тоо буурахгүй байгаа нь тус чуулганыг жил бүр зохион байгуулах шалтгаан болж байгаа ажээ.


Мөн энэ үеэр манай улсын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар өндөр, хүний нөөц хангалттай ч эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг байдгийг хэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй эмч, гэмтлэл, согог заслын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ  үзүүлж байна. Монгол Улсад жил бүр гэмтэл, согог, заслын мэргэжлийг 25-30 хүн эзэмшдэг бол төрөлжсөн нарийн мэргэжлээр 50, гадны 10 гаруй улсад 20-30 эмч бэлтгэгддэг байна. 


Орхон аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасаг 11 эмч, мэргэжилтэнтэйгээр тархины цусан хурааг авах, гавлын дутмагшлыг титан ялтсаар нөхөх, нурууны хугарлыг бэхлэх, цээж хэвлийн үеийн яаралтай мэс заслууд, согог заслын, арьс зөөлөн эдийн мэс заслууд болон мөчдийн хугарлын үед төрөл бүрийн аргуудыг ашиглан хугарлыг бэхлэх мэс заслыг хийж байна.


Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ГССҮТ-тэй хамтран энэ онд орон нутагт үений дурангийн мэс заслыг анх удаа хийхээр төлөвлөжээ. Одоогоор мэс заслын тоног төхөөрөмжөө авсан бусад бэлтгэлээ хангаж байгаа юм.


 

Холбоотой мэдээ