Сүүлийн 80 жилд Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.25 хэмээр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-06 14:45:52

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголчуудын 85.7 хувь нь төр засгаас уур амьсгалын өөрчлөлтөд нэн тэргүүнд анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэнийг Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадал, мэдээллийн хэрэглээний судалгааны тайланд тэмдэглэжээ.


Манай орны жилийн дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хэмээр нэмэгдэж, цаг уурын эрс тэс үзэгдлийн давтамж олширч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулж, үйл ажиллагааг зохион байгуулахад энэ судалгаа нь ихээхэн ач холбогдолтойг БОАЖЯ мэдээллээ.


Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилд эрчимжих төлөвтэй бөгөөд энэ нь хүн, байгалийн харилцаа хамаарал, зүй тогтолд ихээхэн нөлөөлөхөөр байгаа юм. Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх нь элбэгшээд байгаа.



Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, хандлага, дадал, мэдээллийн хэрэглээний судалгааны үр дүнг үндэсний болон орон нутгийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтийг тусгах, олон нийтийн ойлголт, мэдлэг, чадварыг сайжруулах үндэсний хэмжээний олон нийтийг хамарсан үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.


Судалгааны тайланг хүлээн авах үйл ажиллагаанд БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, ДДНХИ-ийн Азийн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал Др.Ачала Абэйсинх, ДДНХИ-ийн суурин төлөөлөгч Аннака Питерсон болон албаны хүмүүс оролцжээ.

Холбоотой мэдээ