Хоёр зуун толгой хонинд мэс ажилбараар зохиомол хээлтүүлэг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-19 16:12:04

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ADRA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төв, Австралийн Малын генийн сангийн төв хамтран нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж байна.


Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэх, дээрх төрлийн хонь үржүүлж буй малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэх, нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр иргэдийнхээ хэрэгцээг хангах зорилгоор туршилтын төслийн эхний үе шатыг 2022 онд, 2 дугаар үе шатыг энэ онд хэрэгжүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд, АДРА олон улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортолжээ. Үрийн тодорхой хэсгээр Австралийн хоёр мэргэжилтэнтэй хамтран өнгөрсөн онд Хангай үүлдрийн 150 толгой, Орхон үүлдрийн 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлэг хийсэн бөгөөд үр тогтолт 62-64 хувийн үр дүн гарсан байна.


Австрали улсын нарийн мэргэжилтнүүдтэй хамт энэ онд “Хангай, Орхон үүлдрийн 200 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийснийг ХХААХҮЯ мэдээлэв. Мөн, Монголд үржүүлж болох цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг АДРА байгууллагын тусламжаар импортлон, Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгав. Үүнд Малын удмын сангийн үндэсний төвийн 5, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 4 ажилтанг сургаж дадлагажуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ