БАЯНХОНГОР: 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-23 15:06:03

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун урд зүгт 27 километрийн зайд 3.5 магнитудын газар хөдлөлт энэ сарын 20-нд бүртгэгдлээ.


Энэ нь он гарсаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гурав дахь газар хөдлөлтийн чичирхийлэл юм.


Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.



Монголд болсон томоохон газар хөдлөлтийн хамгийн томд тооцогдох 12 баллын хүчтэй газар хөдлөлт 1957 оны 12 дугаар сарын 4-ний 11 цаг 38 минутад Баянхонгор аймгийн Богд сум, Их богд ууланд болж байжээ. Одоо хүртэл газар хөдлөлтийн хагарал нь хэвээрээ байдаг бөгөөд тус ууланд газар хөдлөлтөөс үүссэн нуур байдаг.


Энэ газар хөдлөлтөөс их бага Богдын нурууд ба Бахар уулын ар, өвөр бэл, ёроолыг дагаж зүүн өмнөөс баруун хойш үргэлжилсэн ан цавууд үүсэж тогтсон байдаг. Эдгээр ан цав нь уртаараа 130 км орчим газрыг хамарсан байдаг аж.

Холбоотой мэдээ