ДУНДГОВЬ: "Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төв" байгуулж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-27 11:06:35
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төв” байгуулж, ашиглалтад хүлээлгэн өглөө.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж аюулгүй байдал”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн 250,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв”, байгуулж, гүйцэтгэгчээр “ЭМ ЖИ ДИ” ХХК ажиллажээ.


Дээрх  ажлыг орон нутгаас дэмжин, Сайнцагаан сумын дөрөвдүгээр багт гурван га газрыг шийдвэрлэж өгсөн байна.

Тус үйл ажиллагааг 2023 оны зургаадугаар сарын 19-нд эхэлж, 10 дугаар сарын 26-нд гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэн аймгийн ХХААГ-т хүлээлгэн өгсөн байна. Үүнд: гүний худаг, ус агуулах 20 тн сав, хоёр ширхэг хүлэмж, агуулах, зөөврийн орон сууц, бусад багаж хэрэгсэл, 175 ширхэг улиас, 700 ширхэг хайлаас бүхий хамгаалалтын ойн зурвас, 7 төрлийн жимс жимсгэний 1500 суулгац тарьжээ.    


Модны талбайд дуслын усалгааны төхөөрөмжтэй холбогдсон бөгөөд 1,5 метрийн өндөртэй 700 м хамгаалалтын хашаа барьж тохижуулсан байна.


Жимсгэнийн суулгац, үржүүлгийн талбайтай болсноор орон нутагт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд суулгац үр нийлүүлэх, тэднийг мэргэжил арга зүйгээр хангах, цаашлаад энэ чиглэлийн тариалан эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж ийнхүү бүрджээ.  







Холбоотой мэдээ