Өмнөд африкчууд хоёрдахь удаагаа дараалан регбигийн дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-29 17:02:38

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 29 /ТАСС/.  ӨАБНУ-ын шигшээ баг регбигийн Дэлхийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Шинэ Зеландын багийг 12:11 харьцаагаар ялснаар хоёрдахь удаагаа дараалан аваргаллаа.

 

Тоглолт Парис хотын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.

 

Тоглолт дуусахаас 27 минутын өмнө Шинэ Зеландын багийн ахлагч Сэмюэл Кейн бүдүүлэг алдаа гаргасны учир талбайгаар хөөгдсөн байна. Ингэснээр тэрбээр Дэлхийн цомын тэмцээний финалын тоглолтонд улаан хуудас авсан түүхэн дэх анхны тоглогч болжээ.

 

Тэмцээний III байрын төлөөх тоглолт баасан гарагт болж, Английн шигшээ баг аргентинчуудыг 26:23 харьцаагаар буулган авсан байна.

 

ӨАБНУ-ын шигшээ баг Дэлхийн цомыг дөрөвдэх удаагаа хүртсэнээр шинэ дээд амжилтын эзэн боллоо. Шинэ Зеландын баг гурван удаа аваргалсан бол австраличууд хоёр удаа, англичууд нэг удаа аваргын цомыг хүртэж байлаа. 2019 оны Дэлхий цомын тэмцээнд ӨАБНУ-ын баг англичуудыг 32:12 харьцаагаар илт давамгай ялж байв.   

 

Регбигийн Дэлхийн цомын тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд анхны тэмцээнийг1987 онд зохион байгуулжээ. 2027 оны цомын тэмцээн Австрали улсад болно.  

Холбоотой мэдээ