Улаанбаатар хот гар урлал, ардын урлаг төрлөөр ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын эгнээнд нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээ сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-гоос зарлалаа.
Манай улсаас нэр дэвшүүлсэн “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгдэв. Эдгээр хотыг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог бөгөөд тэрбээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Тус сүлжээнд нэгдсэн хотууд нь өөрсдийн хөгжлийн стратегидээ соёл болон бүтээлч байдлыг уялдуулан зохицуулах амлалтыг авдаг бөгөөд хүн төвтэй хотын төлөвлөлтөд шинэлэг практикийг бий болгон ажилладаг.
Бүтээлч хотуудын сүлжээнд өдгөө 100 гаруй улсын 350 хот нэгдээд байна. Гар урлал ба ардын урлаг, дизайн, кино, хоол хүнс, уран зохиол, медиа урлаг, хөгжим гэсэн 7 бүтээлч төрлөөр шалгаруулдаг юм.
Дэлхийн нийт хүн амын 68 хувь нь 2050 он гэхэд хот суурин газар амьдрах тооцоо, төсөөлөл байдаг. Шинээр томилогдсон хотууд энэхүү бүтээлч хотуудын сүлжээний гишүүн хотуудтай хамтран ажиллах, цаг уурын дулаарал, тэгш бус байдал, хотжилт зэрэг хувьсан өөрчлөгдөж буй аюул заналын эсрэг ажиллахад хүчээ нэгтгэх юм байна.
Бүтээлч хотуудын сүлжээний 2024 оны бага хурал ирэх оны 7 дугаар сарын 1–5-нд Португал Улсын Брага хотноо болох ба шинээр сүлжээнд нэгдсэн хотуудыг тус бага хуралд оролцохыг урьжээ.