Инфляцын түвшин өнгөрсөн сард 9 хувьтай байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны эцсийнхэээс 6.7, өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.7, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 6.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 7.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 3.3, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааных 7.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 16.9, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.