БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нийтийн номын сангийн сайн туршлагуудаас хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-15 16:44:06

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангуудын консорциум, Соёл Урлагийн Их Сургууль хамтран "Mongolian Library Update-2023" номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөнийг Улаанбаатар хотод өнөөдөр зохион байгуулж байна.


Зөвлөгөөний үеэр Баян-Өлгий аймгийн Нийтийн номын сангийн сайн туршлагуудыг бусад аймгийн болон Улаанбаатар хотын номын санчдад танилцууллаа. Тус номын сангийн захирал Д.Алтынгүл байгууллагынхаа “Нийтийн номын сангийн туршлага" сэдвээр илтгэл тавьж оролцогчдод хэлэлцүүлэв.


Учир нь Үндэсний статистикийн хороо болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймаг номын сангийн байнгын уншигчдын тоо 20 мянгыг давсан бөгөөд энэ үзүүлэлтээр улсад тэргүүлсэн. Мөн 1000 хүнд ногдох номын сангийн уншигчдын тоо 185 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. 


Номын сангийн фондод 60 мянган ширхэг ном хадгалагдаж байгаа. Нийт номын 50 хувь нь монгол, 30 орчим хувь нь казах, 20 гаруй хувь нь бусад хэлээр хэвлэгдсэн номууд байна.


Номын сангийн хамт олон иргэдийн цаг зав, сумдын аймгийн төвөөс алслагдсан байдал зэргийг харгалзан "Зуны задгай талбайн номын сан", "Зөөврийн номын сан", "Оройн номын сан" зэрэг аян, олон нийтийг хамарсан ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Мөн өөрсдийн дотоод нөөц боломж, гадаад, дотоодын тусламжийг ашиглан номын фондоо баяжуулах ажлуудыг ч тогтмол зохион байгуулдаг аж.


Үүний үр дүнд номын сангийн фондод хадгалагдаж байгаа ном болон уншигчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ