СЭЛЭНГЭ: Нагоя Их сургуулийн байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрт оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-21 11:01:17

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн захирлууд Япон Улсын Нагоя Их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны тусгай хөтөлбөрт амжилттай оролцоод иржээ.

 

Захирлууд дээрх хөтөлбөрийн хүрээнд Нагоя Их сургуулийн ахлах сургуулийн “super science” хөтөлбөр болон Нагоя Их сургуулийн байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрт оролцсон байна. Үүний хүрээнд ахлах сургуулийн сургалтын орчин, багшийн заах арга барил, сурагчийн оролцоо зэрэгтэй биечлэн танилцаж, туршлага судалжээ.

 

Мөн Нагоя хотын Шинжлэх ухааны музей, Нобелийн шагналтны музей, Нагоя Их сургуулийн музей болон сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Сурагчдыг шинжлэх ухаанч хандлагатай болгох нь улс орны хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлдгийг бодитоор үзэж, судалсан үр өгөөжтэй хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун буйгаа захирлууд илэрхийллээ.   

 

Мөн тэд цаашид аймгийн ЕБС-иудад байгуулсан байгалийн шинжлэх ухааны лабораториудын хэрэглээг нэмэгдүүлэхэд илүү анхаарч, сурагчдын оюуны болон биет бүтээлүүдийг дэмжих, сурталчлахад онцгой анхааран ажиллана гэлээ.

 

Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ч.Ундрам санаачлан зохион байгуулсан байна.

 

Тэрээр “Монголын шинжлэх ухааны эрдэмтдийн залгамж холбоог бэлдэхэд эдгээр алхмууд маань тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол Улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмэр оруулах зорилгыг маань үргэлж дэмжин тусалдаг Нагоя Их сургуулийн удирдлагууд болон хамт суралцаж төгссөн найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

 

Холбоотой мэдээ