АРХАНГАЙ: Өвөлжилт хүндэрсэнээс үүдэж малчид үнээгээ тугалаас нь салган борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-23 18:36:19

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд  5.6 сая  толгой мал  өвөлжиж  байгаа бөгөөд үүнээс улсын тусгай хамгаалалттай бүс нутагт Хангай, Чулуут, Булган, Цэнхэр, Тариат, Цахир, Ихтамир сумдын 454 өрхийн 154.9 мянган толгой мал  өвөлжиж байна.

Энэ сард  хоёр удаа их хэмжээний цас орсон нь  өвөлжилт хүндэрч малчид отроор явах нөхцөл бүрдсэнээс гадна зарим малаа  зах зээлд нийлүүлэн худалдаалж эхэлжээ.  

Тухайлбал, Хангай, Цахир сумын  зарим малчин үнээгээ тугалаас нь салган зах зээлд борлуулж буй бол тугалыг нь 100-150 мянган төгрөгөөр малчдад зарж буй. Мөн шүдлэнгээс дээш настай эр үхрүүдээ бойлж заримыг нь амьдаар нь Улаанбаатар хот руу борлуулж байгаа юм.

 

Хэдхэн хоногийн өмнө болсон аймгийн Онцгой комиссын хурлын үеэр аймгийн Засаг дарга бүх сумын Засаг дарга нарт отроор ирж буй малыг боломжоороо сумандаа оторлуулах үүрэг чиглэл өгсөн.  

Мэргэжлийн байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд аймгийн нийт нутгаар 5-13 см цасан бүрхүүл тогтсон. Гэхдээ баруун болон хойд сумдын нутгийн тал хээрийн бүсэд 15 см хүртэл, гуу жалгандаа 40-60 гаруй см зузаан буюу морь туших  хэмжээний цас орж, зарим газраа шуурч, хайлж мөстжээ.

Энэ нь мал бэлчээрлэх  боломжгүй болгож байна хэмээн нутгийн малчдын төлөөлөл ярив. 


 


Холбоотой мэдээ