Умард Солонгосын хиймэл дагуулын асуудлаар Аюулгүйн Зөвлөл санал зөрөлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /Kyodo/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөснийг зэмлэн буруушаах эсэх асуудлаар дахин санал зөрөлджээ.
Тус зөвлөл Пёньяныг баллистик пуужингийн технологи ашиглан
пуужин харвасантай холбогдуулан хориг арга хэмжээ авах тогтоол, мэдэгдэл гаргах зэрэг тодорхой арга хэмжээг 2017 оны 12 дугаар сараас хойш авч чадаагүй юм.
НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд
Линда Томас-Гринфилд даваа гарагт болсон хуралдааны үеэр “Умард Солонгос цөмийн зэвсгээ боловсронгуй болгохыг улайран хичээж
байна. Гэтэл нөхцөл байдлыг хурцатгасан энэхүү аюултай үйлдэл болон үүнтэй төстэй бусад үйл
ажиллагааг буруушаах хүсэлгүй хоёр гишүүн улс бий” гэж хэлжээ. АНУ-ын төлөөлөгч энэ үгээрээ Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхтэй
Орос, Хятадыг хэлсэн бололтой. Тэрбээр мөн “Умард
Солонгосын тагнуулын хиймэл дагуул тойрог замд орсон нь батлагдсан”
гэжээ.
Харин Умард
Солонгосын Элчин сайд Ким Сон 11 дүгээр сарын 21-нд тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахын тулд пуужин хөөргөсөн явдлыг зөвтгөөд, энэ нь “АНУ
болон түүний дагалдагчдын цэргийн үйл
ажиллагааг тандах зорилготой” хэмээн
мэдэгджээ. “Энэ
бол бидний өөрийгөө хамгаалах эрхээ хууль
ёсны дагуу, шударгаар
хэрэгжүүлсэн явдал юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Орос, Хятадын төлөөлөгчид мэдэгдэхдээ, АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд Солонгосын хойгийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгаа нь бүс нутгийн байдлыг улам хурцатгасан гэжээ.
НҮБ дахь Японы төлөөлөгч Ишиканэ Кимихиро хэлэхдээ "бид Умард Солонгосын хууль бус үйл ажиллагааг /үй олноор хөнөөх зэвсэг/ зөвтгөх гэсэн аливаа оролдлогод хууртагдах ёсгүй" гэсэн байна.