ХОВД: Мал тооллогыг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-29 16:40:20

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сард улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Уг ажлын зохион байгуулалт, мэдээллийн чанарыг сайжруулах, аймаг, сумын тооллогын комиссын гишүүдийг чадавхжуулах зорилгоор Ховд аймагт сургалт хийлээ. 


Сургалтад сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нараас бүрдсэн 100 гаруй хүн оролцож, мэдлэгээ өргөжүүлж байна.   


Үндэсний статистикийн хорооноос “Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт дээрх сургалтыг бүсчилсэн байдлаар зургаан аймагт зохион байгуулж буй.  Үүний нэг бол Ховд аймаг юм.

Өнөөдөр Ховд аймагт өрнөж буй сургалтын чиглүүлэгчээр Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал тэргүүтэй албаны төлөөлөл ажиллаж байна.

Оролцогчдод мал тооллогын хэрэглээ, ач холбогдлыг таниулж, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн ашиглалт, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн онд Ховд аймгийн малчин, мал бүхий иргэд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулж байжээ. Харин энэ жилийн хувьд аймаг, сум тус бүрд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гарган, мал тооллогыг хуулийн дагуу 12 дугаар сарын 7-17-ны өдөр зохион байгуулах аж.   

Холбоотой мэдээ