Зарим байнгын хорооны даргыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг сонгохоор, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нарыг улируулан ажиллуулахаар дээрх байнгын хороодоос нэр дэвшүүлсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох тогтоолыг баталж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.