Дөчин мянга гаруй ажлын байранд ажиллах хүн олдоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-06 15:28:45

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн өнгөрсөн онд хийсэн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-гаар, 2022 онд аж ахуйн нэгж, байгууллагын 15.9 хувь нь шаардлагатай мэргэжилтэн олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй, эдгээр ажил олгогчдын 42.7 мянган ажлын байранд ажиллах хүн олдоогүй байна.


Монгол Улсын эдийн засаг тэлж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр, хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ажиллах хүчний хомсдол бий болж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монголд зочлох жил”, бусад бодлого, зорилтын хүрээнд бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих шаардлага үүсэж байна. Иймээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хуулийн төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсныг ХНХЯ мэдээллээ. 


УИХ-аас 2021 онд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2022 оны 7 дугаар сарын нэгнээс хуулийг мөрдөж эхэлсэн билээ

Холбоотой мэдээ